/2024.05.03/: Индонезид ажиллаж байсан эрдэмтэд орангутан нүүрнийхээ шархыг эмийн ургамлаар эмчилж байгааг ажигласан бөгөөд анх удаа ийм зан үйлийг баримтжуулсан байна.
Суматрагийн эр орангутан болох Ракус нь Акар Кунинг хэмээх ургамлын навчийг зажилж, шүүсийг нь олон удаа түрхэж нүүрнийхээ шархыг эмчилж байсан аж.
Уламжлалт анагаах ухаанд цусан суулга, чихрийн шижин, хумхаа зэрэг өвчнийг эмчлэхэд ийнхүү навчийг зажилж ашигладаг аргыг энэхүү орангутан ашиглан шархан дээрээ тавьж байсан гэж эрдэмтэд хэлжээ.
Макс Планкийн Амьтны зан үйлийн хүрээлэнгийн докторын дараах судлаач, судалгааны ахлах Изабель Лаумер CNN-д хэлэхдээ баг 2022 оны 6-р сард Гунунг Лейзер үндэсний Суак Балимбингийн судалгааны бүсэд хийсэн ажиглалтдаа "сэтгэл нь маш их хөдөлсөн" гэжээ.
Тэрээр "Хэдийгээр бусад зэрлэг приматууд эмийн шинж чанартай ургамлыг залгиж, зажилж, үрж чаддаг нь мэдэгдэж байгаа ч эрдэмтэд үүнийг саяхан шархыг эмчлэхэд ашиглаж байгааг хараагүй" гэв.
Судлаачдын үзэж байгаагаар Ракус шархан дээрээ уг навны шүүсийг дахин дахин түрхэж байснаас харахад уг ургамлыг шархыг эмчлэхэд санаатайгаар ашигласан гэж үзэж байна.
Судлаачдын үзэж байгаагаар Ракус өөр нэг эр орангутантай тулалдахдаа шарх авсан байх магадлалтай аж. Гэхдээ уг орангутан нь маш тайван амьтан бөгөөд тухайн нутагт хоол тэжээл ч элбэг тул ингэж шарх авах тохиолдол бараг байдаггүй юм байна.
Эх сурвалж: CNN