/2024.05.03/: “Монголд зочлох жил” 2023-2025 арга хэмжээний хүрээнд Монгол Улсыг Япон Улсад сурталчлах “Go Mongolia” арга хэмжээг тавдугаар сарын 4,5-ны өдрүүдэд Япон Улсын Нэрима дүүргийн “Хикаригаока” цэцэрлэгт хүрээлэнд “Хаврын баяр”-тай хамтатган зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээнд Монгол, Японы уран бүтээлчдийн тусгай тоглолтыг аяллын 5 хөтөлбөртэй хамтатган толилуулах юм.
Онцолбол Япон Улсын нэрт жүжигчин, дуучин Акира Кобаяши оролцох бол Монгол талаас Хурд хамтлаг, Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва, дуучин Г.Маргад /Magnet Brain/, “Зэвтү” хамтлагтай хамтран ажиллаж байна.
Мөн аяллын 5 хөтөлбөрийг танилцуулах ба үүнд:
- Чингис хаан ба түүхэн аялал
- Говь ба од
- Адал явдалт
- Нэг жуулчинд нэг хонь ба нүүдлийн аялал
- Өвлийн аялал ба тайга хөтөлбөрийг Япон зах зээлд ажилладаг “Алтантур” ХХК, “Жамо гранд трэйвэл” ХХК, “Түмэнхаан жуулчны бааз”, “Твин ворлд” ХХК, “Шинэ зууч трэйвел” ХХК, “Хэнгүн”ХХК мөн “Аэро Монголия” ХХК ажиллах юм.
Арга хэмжээг Японы хэвлэл мэдээллийн NHK телевиз, Санкэй сонин, Nikkan Спорт сонин, Өдөр тутмын спорт, Хова сонин, ТВ Асахи, Чуничи сонин, Kyodo News , Орикон Мэдээ сурвалжилна гэдгээ мэдэгдлээ.
Эх сурвалж: БОАЖЯ