Ж.Чинбүрэн: Үнэ дагаж чанар тогтдог зарчим Монгол Улсын эмийн салбарт эсрэгээрээ үйлчилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Чинбүрэн: Үнэ дагаж чанар тогтдог зарчим Монгол Улсын эмийн салбарт эсрэгээрээ үйлчилж байна

/2024.05.02/: Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Сонсголын үр дүнгийн талаар болон өнгөрсөн хугацаанд Түр хороо хэрхэн ажилласан талаар Хянан шалгах Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16.6-д иргэд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно гэж заасан. Энэ заалтыг иргэд зайлшгүй мэдэж, мэдэрч байх ёстой. Тийм ч учраас энэ сонсголын онцлог нь иргэдээ сонссон. Сонсголын эхний өдөр өвчин зовлонг үзэж туулж яваа ард иргэдийн төлөөллийг гэрчээр оролцууллаа. Тэр тусмаа архаг хууч өвчтэй, удаан хугацаагаар эм хэрэглэж буй бүлэг хүмүүсийн төлөөллийг оролцуулж, тэдгээр иргэдийн дуу хоолойг төр сонссон.

Тухайлбал, В, Д вирустэй, чихрийн шижинтэй, таталт уналттай, хорт хавдраар өвчилж, даван туулагсдын төлөөлөл сонсголд ирж үг, саналаа хэлсэн. Гэрчээр оролцсон иргэд эрүүл мэндийн салбарын тогтолцооны зарим гажуудал иргэдийн нуруун дээр хүндрэл болж бууж байгаа тухай хэлсэн. Үнэ дагаж чанар тогтдог зарчим Монгол Улсын эмийн салбарт эсрэгээрээ үйлчилж, эм үнэтэй хэрнээ чанаргүй байна гэдэг гэрчлэлийг иргэд хэлсэн.

Тухайлбал, “Үнийн хөнгөлөлтөд хамруулаагүй байхад 15 мянган төгрөгөөр авдаг байсан эм хөнгөлөлтөд хамрагддаг болсноор 45 мянган төгрөг болчихлоо” гэж в, д вирустэй иргэдийн төлөөлөл хэлсэн. Уналт таталттай иргэдийн төлөөлөл “Байнга хэрэглэдэг эм нь Монголд ороод ирсэн хэрнээ эмийн бүртгэлд бүртгээгүйгээс болоод авч чадахгүй байна” гэдэг зүйлийг ярьсан нь анхаарал татсан. Өөрөөр хэлбэл, иргэд эрүүл мэндийн салбарын удирдамж нь чанартай эмийн хүртээмжийг бий болгож чадахгүй байгаа жишээг гэрчилсэн.

Сонсголоор хөндөгдсөн заавал тэмдэглэж хэлэх ёстой асуудлын нэг нь эмийн чанар шалгадаг лабораторийн үйл ажиллагаа тоног төхөөрөмжийн эвдрэлээс болоод доголдсон. Нөхцөл байдал хүнд байхад Эрүүл мэндийн үе үеийн сайдууд нэг ч удаа очиж танилцаагүй нь харамсмаар байсан. Сайн мэдээ нь гадны хөрөнгө оруулалт буюу ДЭМБ-аас лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх гэж буй тухай салбарын удирдлагууд сонсголд оролцохдоо хэллээ.

Түүнчлэн, эмийн чанарыг шалгахдаа улсын мэдлийн нэг лабораторид шинжлүүлээд тэнцэхгүй гэсэн хариу гарахаар нөгөө лабораторид нь шинжлүүлээд тэнцүүлчихдэг, ингэж шинжилгээний хариу зөрж байхад Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж авдаг буруу тогтолцооны жишгийг баримт нотолгоотойгоор гаргаж ирсэн.

Сонсголоос харагдсан бас нэг асуудал, гаальд мэдүүлж байгаа ханган нийлүүлэгч байгууллагын эмийн үнийг жижиглэнгээр зарж байгаа үнийн нэгжээр мэдүүлдэг болгох тогтолцоог хэрэгжүүлдэг болох шаардлага тулгарч байна. Ингэснээр ард иргэд жижиглэнгээр буюу эмийн сангаас авч байгаа үнэ хилээр оруулж ирж буй үнээс хэд дахин илүү болж нугарсан бэ гэдгийг мэдэх, хянах боломж бүрдэнэ. Иргэдийн энэ хяналт тухайн эмийн үнийн өсөлтөд бодитой хяналт болно гэдэгт Түр хорооны гишүүд санал нэгтэй байна.

Заавал тэмдэглэж хэлэх өөр нэг асуудал бол Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн үнийн өсөлт, чанарын хяналтын асуудлаар сонсгол хийсэн. Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ, эмч нарын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хөндөөгүй. Өнөөдөр Монгол Улсад эмчийн ур чадвар дутсан зүйл хараахан байхгүй. Эмч нар, эрүүл мэндийн салбарынхан хичээн ажиллаж, дэлхийд нэвтэрч буй олон олон эмчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлж, эмчилдэг болсон. Гэтэл энэ салбарт ашиг сонирхлын нэгдмэл байдлаар сүлбэлдсэн тогтолцоо цагаан халаадтай эмч нарын араар “нуугдаж”, эмч нар, эрүүл мэндийн салбарынхны ажлыг сулруулж, харлуулж байна.

Түр хорооноос Авлигатай тэмцэх газарт 200 гаруй албан тушаалтан эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтэд хамаарал бүхий, нэгдмэл ашиг сонирхолтой байж болзошгүй талаар мэдээ материалыг өгч байна. Энэ нь гэм буруутай гэж шууд тогтоож байгаа гэсэн үг биш ээ. Харин шийдвэр гаргахдаа тухайн нэгдмэл сонирхолтой байгууллагынхаа эрх ашгийн төлөө асуудалд ханддаг уу гэдгийг шалгаарай гэж өгч байна. Илт гэмт хэргийн шинж чанартай материалыг ч хууль хяналтын байгууллагуудад шалгуулахаар өглөө.

Эх сурвалж: УИХ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.