/2024.02.26/: Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 33,261 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 268 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 116, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Өмчлөх эрхийн эсрэг 91, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 12, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 22, бусад 5 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 60.987 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 40,466 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 39,898 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 568 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 67 иргэнд 20,100,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 202 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 13, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 78, сураггүй алга болсон хүн 15, шүүхээс даалгасан хүн 11, зөрчил үйлдсэн 1 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Шийдвэрлэсэн хэргээс дурьдвал:
- Эрүүгийн цагдаагийн албанаас Н нар нь 2023 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Хайрхан сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар археологи, палентлоги хийж “Хүннүгийн үед хамаарах шавар ваар”-ыг олж аван, бусдад худалдахыг завдсан гэх хэрэгт нэр бүхий иргэдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж хууль бусаар археологи, палентлоги хийсэн, соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
- Экологийн цагдаагийн албанаас иргэн О нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 47.8 метр квадрат хэмжээтэй голын мөсийг цөмлөн гитаран буу зэрэг тусгай техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн.
- Иргэн С нь Булган аймаг Булган сумын сумын нутаг дэвсгэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын тогтоолын 1-р хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон 2 ширхэг “Тул загас”-ыг хууль бусаар агнаж, 1.632.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.
- Иргэн О нь бусадтай бүлэглэн Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрээс 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зэвсгийн чанартай зүйл ашиглан Нэн ховор амьтны жагсаалтад орсон 6 тооны Хар сүүлтийг хууль бусаар агнаж, 39.960.000 төгрөгийн экологийн эдийн засгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн.
- Иргэн С нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын сумын нутаг дэвсгэрээс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хууль бусаар мод бэлтгэж 1.313.804 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.
- Иргэн И нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс энэ оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хууль бусаар “Шинэс” мод бэлтгэж, 1.433.567 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.
Онцлог зөрчлийн талаар:
- Энэ оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэн А нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний замд том оврын ачаа тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо өндрийн хязгаарлалтын шон мөргөж, зам тээврийн осол гаргасан асуудлыг Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст бүртгэлд авч шалгаж байна.
- Мөн энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UG Аrena” спортын төвд Үндэсний дээд лигийн тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтын үеэр “B” багийн нэр бүхий тоглогч шүүгчийн биед нь халдсан гэх гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж энэ оны 02 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж /100.000 төгрөг/-өөр торгох шийтгэл оногдуулсан.
- Энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтаас “Тавантолгой төмөр зам ХХК”-ийн удирдлагуудын ноцтой бичлэг задарчээ” гэсэн гарчигтай 01 минут 41 секундийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд тархсан бичлэгтэй холбогдуулж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар холбогдогч нарт 25 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
- Энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэр бүхий цахим мэдээллийн сайтад “Кино Урлагийн дээд сургуулийн захирал оюутныг цохиж буй бичлэг ил боллоо” гэсэн гарчигтай мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
- 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт 3 насны морьдыг уралдуулан, насанд хүрээгүй хүүхдүүдийг унаач хийлгэж, хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэлд Ховд аймгийн Цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл (Хүүхдийн эрх зөрчих)-д заасан үндэслэлээр Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн.
- Энэ оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн “О” нь Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар байрны урд талын явган хүний зам дээр “Тoyota” маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйлдэлд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж 2024 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.