/2024.02.22/: Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны хоёрдугаар сарын 19-ны өдрийн 25 дугаар захирамжаар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тогтоох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Мөн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой дэд Ажлын хэсгийг 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Газрын тухай болон Ашигт малтмалын зөвшөөрөл олгох асуудлаар хяналт шалгалтын сонсгол явуулахад бэлтгэх үүрэг, чиглэлийг дэд Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон холбогдох байгууллагуудад өглөө. Тэрбээр, Улсын Их Хурлын албан ёсны цахим системээр гаргасан “Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвт нийтийн өргөдлийг 100167 иргэн долоо хоногийн хугацаанд дэмжсэн. Мөн 146 төрийн бус байгууллага, иргэдээс газрын харилцаатай холбоотой асуудлаар санал гомдол ирүүлжээ.
Үүнтэй холбогдуулан Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэгт хяналт шалгалт хийсний үндсэн дээр Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон Газрын тухай багц хуулиа судалгаа тооцоотой хэлэлцэх бололцоотой юм. Газартай холбоотой асуудлаар иргэдээс олон санал, гомдол гарч байна.
Өнгөрсөн “нүүрсний” хяналт, шалгалтын сонсголоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Өмнөговь аймагт хуулийн зөрчилтэй холбоотой газар олголтын асуудлыг илрүүлж гаргасан. Үүний дараа Авлигатай тэмцэх газраас газар олголт болон хуулийн хэрэгжилтийн талаар шалгалт явуулж, тодорхой мэдээллийг Засгийн газарт хүргүүлсэн. Иймээс УИХ, Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж, Хянан шалгах Түр хороо байгуулах бэлтгэлийг хангах, дээр дурдсан асуудлаар хянан шалгах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн юм. Ажлын дэд хэсгийн зохицуулагчаар УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга С.Ганболд ажиллана гэв.
Түүний дараа дэд Ажлын хэсэг байгуулсан талаарх УИХ-ын даргын захирамжийг Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга С.Ганболд уншиж танилцууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн үндсэн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өндөр түвшинд зохион байгуулсан гэдгээ онцлоод УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэн бүх байнгын хороодын дарга нар 100 хувь санал нэгтэй дэмжиж, байнгын хороодын дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж байна гэв. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдээс ирсэн газрын эзэмшилтэй холбоотой шударга бус мэдээллүүдийг жишээ авч танилцууллаа.
Тэрбээр, газар нутгийн асуудал бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тэр дундаа оршин тогтнохуйн аюулгүй байдалтай шууд холбоотой. Тухайлбал, нэг иргэн 20-30 газар өмчилсэн тохиолдол цөөнгүй байна. Улаанбаатар хотод гэхэд 49, 72 ширхэг газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байна. Иргэдийн тодорхой хэсэг нь хуулиар эзэмших 0,07 га газраа ч эзэмшиж чадахгүй байхад танил тал, авлига, хээл хахууль, бүлэглэлийн шугамаар энэ олон газар авч чадсан байна. Нийслэлийн газар олголт болон ашигт малтмалын газар олголт ч гэсэн хууль зөрчсөөр ирсэн байж болзошгүй байдлыг иргэд мэдээлж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хууль бус үйлдлийн талаар дотор нь ажиллаж байсан хүмүүсээс мэдээлэл ирүүлсэн. Нэг аж ахуйн нэгж л гэхэд 60-70 тусгай зөвшөөрөл эзэмшиж давуу байдал олгосон талаар мэдээлсэн.
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газрыг хэт давуу байдал үүсгэн эзэмшсэн зэрэг иргэдээс ирсэн дээрх гомдол, мэдээллийг ард түмний төлөөллийн байгууллагын хувьд Улсын Их хурал нотлох баримтын хүрээнд шинжлэн судалж, дүгнэлт гаргах үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, нийтийн ашиг сонирхлыг газрын асуудал хөндөж байна гэдэг нь иргэдээс ирсэн гомдол, өргөдөл, хүсэлтээс харагдаж байна. Бүүр тодруулбал, саяхан нийслэлд болсон газын дэлбэрэлт, өнгөрсөн зун болсон үер зэрэг нь хот төлөвлөлт, газар зохион байгуулалтай холбоотой. Цаашлаад хотын утаа, замын түгжрэл зэрэг нь эмх замбараагүй газар олголт, хот төлөвлөлт алдагдсантай холбоотой. Мөн нэг аж ахуйн нэгж л гэхэд 20, 30 ашигт малтмалын лиценз эзэмшиж байх жишээтэй.
Сүүлийн 30 жилийн нийслэлийн замбараагүй газар олголт нь авлига хээл хахуультай холбогдож, олон нийтийн бухимдлыг төрүүлж, төр, ард түмний итгэлцэлийг бууруулж байна. Энэ асуудлыг өнөөдөр цэгцлэх цаг болсон. Газрын маргаан орон нутагт ч мөн яригдаж байна. Иймээс газрын маргаан улсын хэмжээний асуудал болжээ. Улмаар Үндэсний аюулгүй байдалтай холбогдож байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улсын оршин тогтнохын баталгаа хэмээн заасан. Тиймээс газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хадгалж авч үлдэх, иргэдийнхээ аюулгүй, эрүүл орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээс эхлээд шударга ёсны хүсэмжлэлд бид нийцүүлж, асуудлыг цэгцлэх ёстой.
Нэн тэргүүнд хууль хяналтын байгууллагаас газартай холбоотой шийдвэрлэгдсэн хэргүүдийн мэдээллээ УИХ-ын Хяналт, шалгалтын газар болон УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэгт ирүүлэх ёстой. Үүнтэй холбогдуулан 2024 оны 3 дугаар сарын 15-ны дотор УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Хяналт, шалгалтын Түр хороо байгуулна. Ирэх 5 дугаар сарын 15-ны дотор багтаж, Хяналт шалгалтын Түр хороо нээлттэй сонсгол зохион байгуулна. Энэ ажилд Дэд ажлын хэсэг идэвхтэй оролцохыг хүсье.
Тухайлбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн газар олголтын асуудлыг, Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон асуудлыг, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар энэ чиглэлээрх хэрэг зөрчил, ард иргэдээс ирүүлж буй мэдээллийг нягтлан шалгана. Цахим хөгжил, харилцаа холбооны яам газар олголтын талаарх харилцаа, хамаарал зэрэг мэдээллийг техник, технологийн аргаар судалж, ил болгоно. Энэ мэдээллийг бэлтгэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран ажиллана.
Энэ мэт Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар зэрэг бусад байгууллагууд чиглэл чиглэлээрээ Ажлын хэсэгт мэдээлэл бэлтгэн өгч, хариуцлагатай, төлөвлөгөө гарган хамтран, үр дүнтэй ажиллахыг үүрэг болгов. Энэхүү Ажлын хэсгийн хуралдаанд УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон УИХ-ын Тамгын газрын газар, хэлтсийн дарга нар оролцлоо.
Эх сурвалж: УИХ