/2024.01.04/: Шинэ оны эхний өдөр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас дор хаяж 65 хүн амиа алдаж, 300 гаруй хүн бэртэж гэмтсэн юм.
Ишикава мужид аврах ажиллагаа эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд хүмүүсийг аврах хугацаа богиноссоор байна.
33,000 гаруй хүн байрлаж буй нүүлгэн шилжүүлэх төвүүдэд цахилгаан, усны хангамж хязгаарлагдмал байгаа.
Тус мужид өнөөдөр өглөө л гэхэд 5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Ирэх долоо хоногт саяны болсонтой адил 7 баллын хүчтэй газар хөдлөлт дахин болж болзошгүйг цаг уурын агентлаг анхаарууллаа.
Үүнээс гадна мужийн нийслэл Каназава хотын цаг агаарын ажиглалтын төвөөс өнөөдөр орой гамшигт нэрвэгдсэн зарим бүс нутагт аадар бороо орохыг анхааруулж, аврах ажиллагааг улам хүндрүүлж, хөрсний гулгалт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэв.
Важима, Сузу, Нанао мужуудад хамгийн их хохирол амссан бөгөөд олон барилга нурсны улмаас хүмүүс нуранги дор дарагдсан хэвээр байгаа юм. Өнөөдөр өглөөний байдлаар Ишикава мужид 200 гаруй байшин бүхэлдээ эсвэл хэсэгчлэн нурсан нь батлагдсан байна. Гэсэн хэдий ч хамгийн их хохирол амссан газруудын эвдэрсэн барилгуудын тоог хараахан тогтоогоогүй байгаа тул сүйрлийн цар хүрээ бүрэн тогтоогдоогүй байна.
Өнөөдөр өглөөний 8 цагийн байдлаар нурсан барилгуудын дор дарагдсан хүмүүсийг аврах 130 орчим хүсэлт иржээ.
Ерөнхий сайд Фумио Кишида лхагва гарагийн өглөө болсон хэвлэлийн бага хурал дээр "Газар хөдлөлт болсноос хойш 40 гаруй цаг болж байгаа бөгөөд аврах шаардлагатай байгаа хүмүүсийн талаар олон мэдээлэл ирсээр байна" гэж мэдэгджээ. "Ийм үед цаг хугацаатай уралдах нь чухал гэдгийг бид санаж, хүмүүсийн амь насыг аврах нь бидний нэн тэргүүний зорилт бөгөөд аврах ажилд бүх хүчээ зориулах ёстой" гэжээ.
Эх сурвалж: Japantimes