2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоо, нутаг дэвсгэр, төвийг тогтоолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоо, нутаг дэвсгэр, төвийг тогтоолоо

/2023.12.22/: Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 2024 онд болох Улсын Их Хурлын ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Эхэнд нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төсөлд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгасан байна.

  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
  • Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
  • Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
  • Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
  • Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
  • Баянгол дүүрэг 9-р тойрог;
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
  • Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
  • Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
  • Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийн дагуу, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувь нь дэмжив. Ингээд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгосноор уг тогтоол батлагдлаа.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт, Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно гэж заасны дагуу ээлжит сонгуулийг 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт, ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна гэж заасны дагуу ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоолын төсөлд тусгажээ.

Мөн дээрх хуулийн 9.3 дахь хэсэгт, гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоох бөгөөд гадаадад санал авах өдөр нь дөрөв хүртэл өдөр байна гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн, гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүд байхаар тусгасан байна

Улсын Их Хурлын гишүүд тогтоолын төслийн талаар асуулт асууж, үг хэлсний дараа Байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын тогтоолыг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь дэмжив. Ингэснээр “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.

Эх сурвалж: УИХ

Өнөөдөр багавтар үүлтэй, 23-25 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 23-25 хэмийн хүйтэн байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.