/2023.10.31/: Сэтгүүлчдийг Хамгаалах Хорооноос (CPJ) гаргасан сүүлийн тооллогоор Израил болон Хамас бүлэглэлийн хоорондох мөргөлдөөнийг сурвалжилж байсан 31 сэтгүүлч амь үрэгджээ.
Амиа алдсан хүмүүсийн 26 нь Палестин, 4 нь Израил, 1 нь Ливаны иргэн байжээ. Цаашид 8 сэтгүүлч шархадсан гэж мэдээлсэн бол 9 сэтгүүлч сураггүй алга болсон эсвэл саатуулагдсан гэж CPJ мэдэгдэв.
Амиа алдагсдын дунд Палестины нэрт кино найруулагч Рошди Сарраж, Бейрут дахь Ройтерс агентлагийн видео зураглаач Иссам Абдалла нар Израилын талаас Ливаны хилийн ойролцоо гал нээхэд амиа алдсан гэж CPJ мэдээлэв.
Израилын цэргийн хүчнийхэн Газын зурваст ажиллаж буй сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах боломжгүй гэж Ройтерс болон Франс Пресс агентлагт мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС