/2023.10.31/: Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2023 оны 04 дүгээр тогтоолоор Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсэг байгуулагдсан.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгээр ахлуулсан тус дэд ажлын хэсгийн хурал энэ сарын 30-ний өдөр болов.
Хуралдаанаар Монгол хэл, бичгийн чиглэлээр хийгдсэн эрдэм шинжилгээ судалгааны ажил, үр дүн, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, боловсролын сургалтын байгууллагын сургалтын агуулга, хөтөлбөр, сурах бичиг, багшийн хангамж, чадварын асуудлаар мэдээллүүд сонслоо.
БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэд ажлын хэсгийн ахлагч Л.Цэдэвсүрэн ажлын хэсгийн гишүүдэд эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн, хэрэгжилтийг илүү нарийвчлан гаргах, Монгол хэлний хуулийн хэрэгжилт, 2025 оноос төрийн албан хэрэг хөтлөлт монгол бичгээр хосолж хөтлөгдөх бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгөх чиглэлийг өглөө. Мөн төрийн албан хаагчдын мэдлэг, хэрэглээ болон төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж байгаа шалгалтын үр дүн, шинжилгээний талаар мэдээлэлдээ тусгахыг онцоллоо.
Эх сурвалж: БШУЯ