“Алтан намар-2023” өргөтгөсөн худалдаагаар 2000 тонн хүнсний ногоо борлуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алтан намар-2023” өргөтгөсөн худалдаагаар 2000 тонн хүнсний ногоо борлуулжээ

/2023.09.22/: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, өвөл, зуны хүлэмжийн болон зоорины аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангах зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг 21 аймагт зохион байгуулж буй.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан, эрүүл, аюулгүй, чанартай, хямд төмс, хүнсний ногоогоор хангах зорилгоор Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/194 дүгээр тушаалаар өргөтгөсөн худалдаа зохион байгуулж эхэлсэн.

Тодруулбал, нийслэлийн есөн дүүргийн 31 байршилд “Алтан намар-2023” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гарч байна. Өргөтгөсөн худалдаа 2023 оны наймдугаар сарын 2-нд эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм.

Тариаланч, ногоочид наймдугаар сарын 2-ноос есдүгээр сарын 16-ныг хүртэлх хугацаанд ойролцоогоор гурван тэрбумын үнийн дүн бүхий 2000 тонн төмс, хүнсний ногоо борлуулжээ.

Ил задгай орчинд худалдаа, үйлчилгээ явуулж байгаатай холбогдуулан чиг үүргийн дагуу Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуйн улсын ахлах байцаагч нар хяналт тавин ажиллаж байна. Харин цэвэрлэгээ, үйлчилгээг худалдаа эрхлэгчид өөрсдөө болон дүүрэг бүрийн тохижилт, үйлчилгээний компаниуд хариуцаж байгаа юм.

Өргөтгөсөн худалдаанд оролцож буй тариаланч, ногоочдын хувьд худалдаа эрхлэх асар, талбайг үнэ төлбөргүй олгож, ченжийн гар дамжуулалгүй тариалсан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд хүргэх боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа хэлж байв. Харин иргэдийн хувьд өөрт ойр байршлаасаа хямд, чанартай хүнсний ногоо худалдан авах боломж бүрдсэнийг онцолж байлаа.

Ташрамд, "Алтан намар 2023" төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаанд Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дархан-Уул, Булган, Ховд зэрэг аймгийн 260 гаруй газар тариаланч оролцож байна. Мөн ХХААХҮЯ, НЗДТГ, УБЗАА хамтран 2006 оноос хойш 18 дахь жилдээ "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл" арга хэмжээг есдүгээр сарын 20-26-ны хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж буй.

Уг өргөтгөсөн худалдаанд нийслэл болон орон нутгийн 500 гаруй газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, 3000 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэй оролцож байна.

Эх сурвалж: НЗДТГ

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт болов
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт болов
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.