/2023.09.22/: “Алтайн өндөр уулс” өвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхээр холбогдох материалыг бэлтгэн нэр дэвшүүллээ
“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Алтайн өндөр уулс” өвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын үндсэн жагсаалтад бүртгүүлэх тухай тусгасан.
Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл, Сагсай сумдын нутаг орших Цагаан салаа-Бага Ойгор, Алтай Таван Богд, Шивээт хайрхан, Хар ямаат, Даян нуур, Хулбайн арал зэрэг байгалийн болон соёлын өвийн хосолсон дурсгалт газрууд болох “Алтайн өндөр уулс” өвийн номинацийн материалыг холбогдох талуудаас бэлтгэн Дэлхийн өвийн үндсэн жагсаалтад байгалийн болон соёлын ангиллаар бүртгүүлэхээр нэр дэвшүүлэн 2020 оны есдүгээр сард Дэлхийн өвийн төвд хүргүүлж байсан.
Тэгвэл Саудын Арабын Хаант Улсад 2023 оны есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хорооны 45-р чуулганаар “Алтайн өндөр уулс” өвийг бүс нутгийн экологийг хадгалах чухал үүрэгтэй газар нутгийг уг өвийн номинацид хамтатган авч үзэх талаар Дэлхийн өвийн шинжээчид зөвлөлөө.
Тэгвэл энэхүү зөвлөмжийн дагуу эрдэмтэн, судлаачид зохих нэмэлт материалыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд дахин хүргүүлэхээр боллоо.
Эх сурвалж: Соёлын яам