/2023.08.31/: Мягмар гарагт Конгресст илгээсэн мэдэгдлийн дагуу Байдены засаг захиргаа тусгаар тогтносон улсуудад зориулагдсан хөтөлбөрийн дагуу АНУ-ын цэргийн техник хэрэгслийг Тайваньд анх удаа шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.
Төрийн департаментын гадаад цэргийн санхүүжилт (FMF) хөтөлбөрийн нэг хэсэг болох уг багц нь нийтдээ 80 сая доллар бөгөөд АНУ-ын татвар төлөгчид төлөх аж.
"FMF нь хамтарсан болон хосолсон хамгаалалтын чадавхи, далайн домэйны мэдлэг, далайн аюулгүй байдлын чадавхийг дээшлүүлэх замаар Тайванийн өөрийгөө хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд ашиглагдана" гэж тус хэлтэс Конгресст илгээсэн мэдэгдэлдээ бичжээ.
Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч "АНУ Тайванийг өөрийгөө хамгаалах хангалттай чадавхитай байхад шаардлагатай хамгаалалтыг бэлэн болгож байна. АНУ нь бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой Тайваний хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалахыг зорьж ирсэн" гэжээ.
АНУ өнгөрсөн хугацаанд “Гадаад цэргийн худалдаа” нэртэй тусдаа хөтөлбөрөөр Тайваньд зэвсэг худалдсан. Одоо FMF хөтөлбөрийг ашигласнаар АНУ-ын өмчид байдаг Тайвань дахь АНУ-ын сургалт, тоног төхөөрөмжийг тус улсад худалдах боломжтой болж байгаа юм.
Конгресст илгээсэн захидлын дагуу худалдаа нь агаарын болон эргийн довтолгооноос хамгаалах систем, баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах систем, кибер довтолгооноос хамгаалах, нисгэгчгүй онгоц, цэргийн сургалт, цэргийн бие даасан хамгаалалтын хэрэгсэл, сум зэрэг өргөн хүрээг хамарч болох аж.
Өнгөрсөн жил батлагдсан Тайваний эсэргүүцэх чадварыг сайжруулах тухай хуулийн дагуу АНУ 2023-2027 он хүртэл тус аралд цэргийн буцалтгүй тусламж үзүүлэхэд зориулж жил бүр 2 тэрбум долларын санхүүжилт олгох юм.
Эх сурвалж: CNN