2025 оны нэгдүгээр сарын 1-ээс төрийн байгууллагууд хос бичиг хэрэглэх хууль хэрэгжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2025 оны нэгдүгээр сарын 1-ээс төрийн байгууллагууд хос бичиг хэрэглэх хууль хэрэгжинэ

/2023.08.31/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн есдүгээр сарын 01-нд “Эх хэлний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлсээр 6 жил болж байна.

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Соёлын яам байгуулагдсан цагаасаа эхлэн “Хос бичигтэн болох” уриалгыг хэрэгжүүлсээр багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд яамны албан хаагчид болон соёлын салбарын албан хаагчдаа чадавхжуулж, үндэсний бичгийн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн “Эх хэлний өдөр”-ийг угтан “Бүх нийтээрээ хос бичигтэн болцгооё” уриалга гаргаж, Дүрслэх урлагийн музейд дэглэгдэж буй “Бичиг ном, түүний эд өлөг” үзэсгэлэнг үзэж, Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг, үсгийн түүхийн талаар сонирхолтой лекц сонсон, “Эх хэлний өдөр”-т зориулсан арга хэмжээгээ албан ёсоор эхлүүллээ.

Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлд “Бичиг үсэг сонгон хэрэглэх”, 7.2-т үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар заасан төдийгүй 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн төрийн болон орон нутгийн байгууллагууд албан хэргээ хос бичгээр хөтлөх хууль хэрэгжинэ.

Иймд хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд “Үндэсний бичгийн цахим хэрэглээ” ахисан түвшний сургалт зохион байгуулж, салбарын албан хаагчид үндэсний бичгээр компьютерт шивэх чадвар эзэмшиж, албан бичгээ хос бичгээр боловсруулан илгээх бэлтгэлээ хангаж байна.

Мөн соёлын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, уламжлалт соёлоороо бахархаж, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлдэг үндэсний соёлын дархлаат ирээдүйн иргэдээ бэлтгэхийн тулд ерөнхий боловсролын 29 дүгээр дунд сургуулийн сурагчдад жил бүр хичээллүүлдэг “Уран бичлэг”-ийн дугуйлангийн ахисан шатаа уламжлал ёсоор нээж байна.

​Эзэн Чингис хааны зарлигаар Их Монгол Улсын төрийн бичиг болсон үндэсний бичгээ сурч, бүх нийтээрээ “Хос бичигтэн болцгооё”.

Эх сурвалж: Соёлын яам

Өнөөдөр багавтар үүлтэй, 25-27 хэмийн дулаан байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 25-27 хэмийн дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.