/2023.8.28/ Ромын ПАП лам Францис 08 сарын 31-ний өдрөөс 09 сарын 04-ний хооронд албан ёсоор Монгол Улсад айлчлах гэж байна.
Яагаад ердөө 1300 орчим католик шашинтантай, 3 сая гаруйхан хүнтэй энэ улсад дэлхийн шашны хамгийн том төлөөлөгч айлчилж байна вэ?
Үүнийг дэлхий даяараа гайхан ярилцаж байна.
Юун түрүүнд Монгол Улсын хувьд энэхүү айлчлал нь олон улсын тавцанд шинэ түүх бичих чухал ач холбогдолтой юм. Айлчлалын хүрээнд Ромын Пап лам Францис Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, Католик шашинтнуудтай уулзалт хийнэ. Мөн энэ үеэр сүсэгтэн олны цугларалт болохоос гадна католик шашны буяны төвийн нээлт болох юм.
Ватиканы төв хэвлэлд сэтгүүлч Кероль Глац Папын Монгол дахь айлчлалын талаар:
“Папын айлчлал нь Монголын хөрш болон БНХАУ-тай харилцаа муудсан Ватиканы хувьд стратегийн хувьд чухал ач холбогдолтой байх болно. Юун түрүүнд Хятад улстай хурцадсан харилцааг шийдвэрлэхээс гадна Оросын холбооны улсын Украйнд өрнүүлж буй дайныг зогсоох арга замуудыг эрэлхийлэх зэрэг чухал хэлэлцээрүүд айлчлалын үеэр хийгдэнэ.
Тус улс нь 3.3 сая орчим хүн амтай ба 1,300 орчим Католик, 52% орчим нь Буддист, 3% нь Мусульман, 2.5% нь Бөө мөргөлтэй бол 1.3% нь Христийн шашинтай. Тус улсын үндэсний хэмжээний судалгаанд дурдсанаар 40.6% орчим иргэн шашин шүтлэггүй гэжээ. 13-р зуунд Монголын эзэнт гүрэнд Католик шашин дэлгэрсэн боловч 1920-оод онд социалист замд шилжсэнээр номлолын ажил зогсоод байсан юм” хэмээн бичжээ.
Тэгвэл Ромын Папын Монгол дахь айлчлалын зорилго юунд чиглэж байна вэ? Энэ талаар гадны хэвлэлүүдэд тоймлосноос заримыг нь дурьдъя.
ПАП ФРАНЦИС МОНГОЛД АЙЛЧЛАХДАА УУЛ УУРХАЙ ЯРЬВАЛ
ГАЙХАХ ХЭРЭГГҮЙ
The Conversation сэтгүүл бол эрдэмтэн судлаачид болон сэтгүүлчид хамтран ажиллаж, аливаа өгүүлэл, судалгаа, нийтлэл, дүн шинжилгээ бичдэг мэдээллийн хэрэгсэл юм.
The Conversation-д Папын үйл ажиллагаа ихэнхдээ ядуусын эрх ашгийг хамгаалахад чиглэдэг талаар дурьдаад, "Пап ламын удахгүй Монголд хийх айлчлал нь Монгол улсын ирээдүйд хэрхэн нөлөөлөх вэ" гэдэгт илүүтэй анхаарах ёстой гэжээ. Тухайлбал,
- Христийн шашин Монгол Улсад VII зуунаас бий болсон түүхэн сурвалж бий. Тус улс дахь Христийн шашны дэлгэрэлт нь 13-р зуунд хамгийн хүчтэй байсан боловч 18-р зуунд Төвдийн Буддизм Монголд орж ирснээр Христийн шашин маш бага хувийг эзлэх болсон байдаг. Ромын Папын айлчлал нь нөгөөтэйгүүр католик шашныг Монголд дэлгэрүүлэх, Католик сүмийн нээлтийг хийх зэрэг шашны тухайд нэн чухал ач холбогдолтой.
- Дэлхийн банкны мэдээлснээр алт, зэс, нүүрс болон бусад ашигт малтмалын арвин нөөцтэй Монгол Улсын эдийн засаг Ковидын үед унасан ч цаашид өсөх таамаглал хэвээр байна. БНХАУ бол Монголын нүүрсний томоохон импортлогч юм. Монгол Улсыг БНХАУ-тай холбосон төмөр замыг 2022 оны нэгдүгээр сард суурилуулж, гурав дахь төмөр замыг барьж байна.
Эдгээр нөхцөл байдлыг харвал Пап Францис тус улсад хийх айлчлалын үеэр уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хөндвөл гайхах зүйлгүй. Тэрээр 2023 онд Бүгд Найрамдах Конго Улсад хийсэн айлчлалынхаа үеэр “Очир алмазыг цусанд шингээсэн шуналын хор” хэмээн илтгэлдээ дурдсан бөгөөд энэхүү үг нь Умардад ихээхэн шүүмжлэл дагуулсан байдаг гэжээ.
ПАП МОНГОЛЫН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД НАМЫНХАА ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ДАВЖ, АРИУН ЖУРМЫГ САХИУЛАХ ТАЛААР ЛЕКЦ ТАВИХ СОНИРХОЛТОЙ
Дараагийн мэдээллийн хэрэгсэл бол The Diplomat. Ази номхон далайн асуудал, геополитикт голчлон төвлөрдөг энэ сайтад дараах байдлаар тоймложээ.
Өөрийн орныг Европ, Азийг холбосон олон улсын зангилаа бүхий газар нутаг хэмээн дэлхий дахинд таниулахыг зорьж буй Монгол Улсын Засгийн газрын урилгаар Ромын папын айлчлал хийгдэж байна. Хэдийгээр бие нь муудаж байгаа ч холын холд орших Монголыг Пап лам Франциск нэн тэргүүнд тавьж байна. Үүнд гурван үндсэн шалтгаан бий.
1.Айлчлалын талаар олон улсын шинжээчид, улс төрийн сэтгүүлчдийн зүгээс хамгийн их тайлбарлаж, таамаглаж буй шалтгаан нь геополитикийн асуудлууд юм. Оросууд Украйны эсрэг дайн өдөөж, өдгөө үргэлжилж байгаа энэ цаг үед Ромын Пап Францис Орос, Хятадын дунд орших Монгол Улсад айлчилж байгаа нь маргаангүй стратегийн агуулгатай. Ватиканы нөлөө энэ тохиолдолд хязгаарлагдмал байгаа хэдий ч Францис Пап энэ талаар хэлэлцээ хийх амлалтдаа тууштай хэвээр байх талаар Ватиканы төв хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Гэсэн ч энэхүү айлчлал нь Папыг гараа сунгахад удаа дараа татгалзсан Орос болон Хятадад нөлөөлнө гэсэн нотолгоо биш. Өнгөрсөн жил БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин Казахстанд нэгэн зэрэг айлчлах үедээ Католик шашны тэргүүнтэй уулзахаас татгалзсан юм.
2.Айлчлалын хоёр дахь том шалтгаан нь Монголын ард түмэн. 1990 оны эхээр ардчиллыг ард иргэд нь бий болгож, либератари үзэл дэлгэрсэн ч өнгөрөгч 30 жилийн хугацаанд ардчиллын нөлөө илүү сөрөг тал руугаа хэвийж, авилга, албан тушаалын гэмт хэргүүд газар авчээ. Хөрш зэргэлдээх 2 орон нь геополитик, эдийн засгийн хувьд нөлөө ихтэй энэ нөхцөлд авторитар хандлага дахин гарч ирж магадгүй эрсдэл бодитой бий болоод байгаа юм.
Ромын Пап лам Францис Казахстанд хийсэн айлчлалын арга барилаа давтаж, Монголын төрийн эрх бүхий албан тушаалтнуудад нөлөө үзүүлэхүйц илтгэл тавих сонирхолтой байгаа. Түүний хэлэх үг нь намын үзэл баримтлалыг давж, иргэний ариун журмыг ёс зүйн үндсийг сануулан сахиулах, эрх мэдлийн хуваарилалт, авлигатай тэмцэх санаачлалыг дэмжсэн агуулгатай байх юм.
Мөн айлчлалын үеэр Пап Лам Францис Монголд айлчлах үеэрээ мөргөл үйлдэх бөгөөд нийгмийн талцлыг бууруулах зорилготой байж болзошгүй.
Монгол Улс 30 жилийн өмнө бие даасан аянд гарахдаа Ватиканыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөөд зогсохгүй нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахад Ватиканаас тусламж хүсэж байсан түүх бий. Мөн тус улсад Католик шашныг дэлгэрүүлэхтэй холбоотойгоор тус шашны сүмийн нээлт болно.
Энэ сүм нь ядуус болон сүсэгтэн олонд зориулсан хоол хүнс бий болгож, шашны орлогыг нэмэгдүүлэх хөдөө аж ахуйн хөтөлбөртэй байх юм. Энэ бүхний цаад зорилго нь нийгмийн эрүүл мэндийг асуудалтай холбоотойгоор зөв хооллолтыг дэмжих дадалд хөтлөх Католик шашны хүчин чармайлт юм.
Монголын хүн амын багагүй хувь нь шинэ боломжийг эрэлхийлэн өөр бусад улс руу шилжин суурьшжээ. Монголд архидалт, гэр бүлийн хүчирхийлэл ихээхэн газар авсан. Энэхүү ээдрээтэй нийгмийн бодит нөхцөл байдалд католик шашинтнууд хөл тавьснаар цөөн хэдэн цэцэрлэг нээж, эмэгтэйчүүдэд зориулсан дэмжлэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байгаа юм.
Папын айлчлалын дараа эх орондоо ирэхийг хүссэн Монгол цагаачдыг дэмжих үндэстэн дамнасан хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг мөн тус улс дахь номлогчид онцолсон аж.
Пап лам айлчлалынхаа үеэр Монгол Улсын нийгмийн асуудалд 20 гаруй жил ажиллаж ирсэн тус улс пахь Католик шашны номлогчдын визний асуудал болон хураамжийн асуудлыг хөндөх өндөр магадлалтай. Учир нь Ватиканы номлогчдод 3 хүртэл сарын хугацаатай виз олгодог бөгөөд 3 сар тутам виз авах, их хэмжээний хураамж төлөхөд хүрдэг байна.
3.Монгол бол ядуу орон биш. Ямар ч улс угаасаа ядуу байдаггүй. Ядуурал нь шийдвэрлэх шаардлагатай нийгмийн механизмаас үүдэлтэй. Монголд Орос, Хятад, Австралийн асар ихээр ашиглаж буй олон ашигт малтмал, асар их нөөц бий. Монгол улс газар зүйн баршил, өвөрмөц түүхтэй учраас манай эриний геополитик, байгаль орчны сорилтод голлох үүрэг гүйцэтгэж чадна. Үүний зэрэгцээ Монголын эрх баригчид Католик шашны байгууллага, боловсон хүчинд хандах хандлагыг өөрчилж, цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ гэдэгт Ватикан найдаж байна гэжээ.
МОНГОЛЫН КАТОЛИК ШАШИНТНУУД ИТГЭЛЭЭР АМЬД, БУЯНЫ ҮЙЛСЭЭР АГУУ
Дараагийнх нь Associated press agency. АНУ, Нью-Йоркод төвтэй, ашгийн бус мэдээллийн агентлаг. Өөрсдийн гишүүн байгууллагууд, АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээ мэдээллээ түгээдэг. Энд тоймлохдоо,
Ромын Пап лам Франциск энэ долоо хоногийн сүүлээр Монгол Улсад хийх айлчлалаа “Эрхэмсэг мэргэн” ард түмэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж буй тохиолд хэмээн тодорхойлжээ.
Франциск Ням гаригт Гэгээн Петрийн сүмийн гадна талбайд цуглсан олон нийтэд хандан үг хэлэхдээ “Монгол дахь католик сүмийн тоо цөөн боловч итгэлээр амьд, буяны үйлсээр агуу" хэмээжээ. Мөн тэрээр Монголчуудыг “эрхэм дээдсүүд, мэргэн хүмүүс” гэж онцлоод тэдэнтэй уулзах гайхалтай боломж гэсэн байна.
Олон улсын тавцанд мэдээллийн агентлагууд, судлаачид Монгол улсын талаар ийнхүү бичиж, нийтэлж байна. Бидний сонгосон нийтлэлүүд нь сүүлийн гурав хоногт нийтлэгдсэн гэдгийг онцлох нь зүйтэй.
Сүүлийн 24 цагийн туршид олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим орчинд байршсан албан ёсны нийтлэл, мэдээллийг 2023.08.28-ны өдрийн 13:00 цагийн байдлаар “Pope Francis’ trip to Mongolia” гэсэн түлхүүр үгээр хайлт хийж үзэхэд нийт 108 илэрц байна.
Нийтлэлийг бичсэн Гансүхийн Ариунболор