/2023.08.28/: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Устын-Ам” гэдэг газар суудлын автомашин автозамын хажуу тал руу онхолдож, автомашины бүхээгт хүн хавчуулагдаж нас барсан, гаргаж чадахгүй байна гэх дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Хэнтий аймгаас нийслэлийн Багануур дүүргийн чиглэлд зорчиж явсан “Тоёота хайлукс” загварын суудлын автомашин автозамын хажуу тал руу онхолдсон байдалтай байжээ.
Ослын улмаас автомашины бүхээг дотор 5 хүн хавчуулагдсан байсны хоёр иргэн болох Ө 38 настай эрэгтэй, С 8 настай эмэгтэй нарыг эсэн мэнд гарган тус дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн байна.
Харин иргэн О 38 настай эмэгтэй, Д 14 настай эрэгтэй, Н 10 настай, эмэгтэй нарын цогцсыг гаргаж, Цэнхэрмандал сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ