/2023.08.14/: Хятадын баруун хойд хэсгийн Сиань хотын захад аадар бороо орсны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүсч, 21 хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болсон тухай орон нутгийн эрх баригчид өчигдөр мэдэгдлээ.
Баасан гарагт уулын бэлд орших тосгонд болсон байгалийн гамшгийн улмаас зам, гүүр, харилцаа холбооны дэд бүтцэд гэмтэл учирч 900 айл тог цахилгаангүй болсон гэж Сиань хотын Онцгой байдлын товчоо мэдээлэв.
Сүүлийн долоо хоногт Хятадын зарим хэсэгт аагим халуун үргэлжилж, ихээхэн хохирол учруулсан үерүүд нүүрлэж байгааг мэргэжилтнүүд дэлхийн өнцөг булан бүрт тохиолдож буй эрс тэс уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна.
Хөрсний гулгалт, үерийн улмаас Сиань хотын Вэйзипин тосгонд 1000 орчим аврагч ажиллаж, 186 хүнийг нүүлгэн шилжүүлж, аврах ажиллагаа ням гарагийн орой болтол үргэлжилж байгааг эрх баригчид мэдэгдэв.
Мөн Жилин мужийн Шулан хотод бороо хойд зүг рүү шилжиж, тариалангийн талбай усанд автсаны улмаас 14 хүн амиа алдсан гэж мэдээлсэн юм.
Эх сурвалж: CNN