/2023.08.08/: Агаарын бохирдол нь дэлхий даяар хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, нянгуудын антибиотикт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна гэж саяхан хийгдсэн томоохон судалгаа харуулж байна.
Дэлхийн 100 гаруй орны тоо баримтыг ашиглан хийсэн уг дүн шинжилгээгээр агаарын бохирдол нь антибиотект тэсвэртэй нянгуудыг бий болгож байгааг илрүүлжээ.
Хятад, Их Британийн судлаачид “Бидний хийсэн дүн шинжилгээгээр агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэх нь нянгууд антибиотикт тэсвэртэй болох эрсдэлийг дагуулж байгааг баттай нотолж байна. Энэ шинжилгээ нь дэлхийн хэмжээнд агаарын бохирдол нянгуудын антибиотикт тэсвэртэй байдалд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан анхны шинжилгээ юм" гэжээ.
Нянгуудын антибиотик эсэргүүцэл нь дэлхийн эрүүл мэндэд хамгийн хурдацтай өсөн нэмэгдэж буй аюул заналхийллийн нэг юм. Энэ нь аль ч улсын аль ч насны хүмүүст нөлөөлж болох бөгөөд уг шалтгааны улмаас жилд 1.3 сая хүн нас бараад байгаа гэсэн тооцоо бий.
Судалгаанд PM2.5 тоосонцор нь антибиотикт тэсвэртэй бактери, эсэргүүцлийн ген агуулсан байж болохыг нотлох баримтууд харуулж байгаа бөгөөд тэдгээр нь хүрээлэн буй орчны хооронд дамжиж, хүний амьсгалаар шууд дамждаг байна.
Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд учирч буй байгаль орчны хамгийн том эрсдэл болоод байна. Агаарын бохирдолд удаан хугацаагаар өртөх нь зүрхний өвчин, астма, уушигны хорт хавдар зэрэг архаг өвчин тусах магадлалыг нэмэгдүүлж, дундаж наслалтыг бууруулсаар байна.
Эх сурвалж: Theguardian