/2023.08.02/: Оросуудад эзлэгдсэн өмнөд Украин дахь түр саатуулах төвд хоригдож байсан олон тооны хоригдлууд эрүүдэн шүүж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж олон улсын шинжээчдийн баг лхагва гарагт хийсэн хамгийн сүүлийн дүгнэлтийнхээ тоймдоо мэдэгдлээ.
Олон улсын хүмүүнлэгийн хуулийн Global Rights Compliance компанийн байгуулсан Mobile Justice Team нь Херсон муж дахь Украины дайны гэмт хэргийн прокуроруудтай хамтран ажиллаж байна.
Украины эрх баригчид дайны гэмт хэргийн талаарх 97 мянга гаруй мэдээллийг хянаж, дотоодын шүүхэд 220 сэжигтний эсрэг хэрэг үүсгээд байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг баривчлах хүсэлт гаргаад байгаа Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) дээр өндөр түвшний гэмт хэрэгтнүүдийг шүүж магадгүй байна.
Их Британи, Европын холбоо болон АНУ-аас санхүүжүүлсэн Мобайл шударга ёсны багийн хамгийн сүүлийн тайланд Херсон мужийн 35 байршилд 320 хэрэг, гэрчийн мэдүүлэгт дүн шинжилгээ хийжээ.
Хохирогчдын 43 хувь нь цагдан хорих төвд эрүүдэн шүүх үйлдэл болсон талаар дурдаж, Оросын харуулуудын олзогсдод тулгадаг нийтлэг арга нь бэлгийн хүчирхийлэл” гэж мэдэгдэлд дурджээ.
Өнгөрсөн зургаадугаар сард Украины прокурорууд Херсон хотоос олон арван өнчин хүүхдийг албадан гаргасан гэх асуудлаар анхны хэргээ гаргаж, Оросын улстөрч болон Украины хамтран зүтгэгч хоёр сэжигтнийг дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгасан юм. Сэжигтнүүд эрүүдэн шүүлтийн талаарх сүүлийн дүгнэлтэд ямар ч тайлбар хийгээгүй байна.
Прокуророос ярилцлага авсан 36 хохирогч байцаалтын үеэр цахилгаанд цохиулах, ихэвчлэн бэлэг эрхтнийг цахилгаанд цохиулах, түүнчлэн бэлэг эрхтнийг зэрэмдэглэхээр заналхийлж байсан талаар дурджээ. Нэг хохирогч өөр нэг хоригдлыг хүчиндэж байгааг харахаас өөр аргагүй байдалд оруулсан талаар мөн уг мэдээлэлд дурджээ.
Эх сурвалж: Reuters