/2023.07.24/: Украины албаныхны мэдээлснээр, ням гарагт шилжих шөнө Одесса боомт хотод Оросууд дахин халдлага үйлдэж, нэг хүн амиа алдаж, 19 хүн шархадсан байна.
Киевийн агаарын довтолгооноос хамгаалах системүүд зарим төрлийн пуужинг устгаж чадахгүй байгаа тул довтолгоог бүрэн эсэргүүцэж чадахгүй байна гэж Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Мөн фронтын шугамын ойролцоох бусад газруудад байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд Орос хойд талаараа Харьковыг, өмнөд талаараа Запорожье хот руу гал нээж байна.
Беларусь дахь Вагнерын дайчид: Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ням гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хэлэхдээ, Вагнерын хөлсний цэргүүд "баруун руу аялах" хүсэлтэй байгаа нь түүнийг санааг зовоож байна гэв. Лукашенко бол Путины дотны холбоотон бөгөөд тэрээр энэ удаад зүгээр тоглоом шоглоом хийсэн бололтой, гэхдээ хувийн цэргийн бүлэглэл Беларусь улсад байгаа, Польшийн хилийн ойролцоо сургуулилт хийхээр төлөвлөж байгаатай холбоотой хурцадмал байдал бодитоор бий болж байна. Лукашенко тус бүлэглэлийн Москвагийн эсрэг бослого хөдөлгөөнийг зогсоох хэлэлцээрт зуучлахад тусалсны дараа Вагнер бүлэглэл Беларусь улсад очоод байгаа юм.
Одеса нэг шөнийн цохилт: Оросууд тав дахь шөнө өмнөд хэсгийн боомт хот болох Одесса руу цохилт өгснөөр Украйны үнэн алдартны сүм, архитектурын дурсгалт газрууд, байшин барилга эвдэрсэн гэж Украины цэргийнхэн мэдэгдэв. Дайралтын улмаас нэг хүн амиа алдаж, арав гаруй хүн шархаджээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам ням гарагт цохилт өгөхдөө иргэний дэд бүтэц, соёл, түүхийн дурсгалт зүйлсээс зайлсхийж байна гэж мэдэгдсэн ч Украин, түүний холбоотнууд болон олон улсын байгууллагууд үүнийг илт худал гэж үгүйсгэж байна.
Гэмтсэн хөшөө дурсгалууд: Халдлагын улмаас хотын түүхэн 25 архитектурын дурсгал сүйдсэн бөгөөд тэдгээрийн ихэнхийг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) хамгаалж байжээ. Гэмтсэн барилгуудын дунд 1800-аад оноос улбаатай, хотын хамгийн том нь байсан Ортодокс сүм багтжээ. Украины Соёлын сайд Олександр Ткаченко Оросыг ЮНЕСКО-гийн гишүүнчлэлээс гаргахыг уриалсан бол Европын холбооны гадаад бодлогын тэргүүн сүмийг устгасныг Москвагийн үйлдсэн "өөр нэг дайны гэмт хэрэг" гэж нэрлэсэн байна.
Агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт уриалга: Украин сүүлийн долоо хоногт Оросын Одесса руу хийсэн цохилтыг няцаахаар оролдож байгаа бөгөөд агаарын довтолгооноос хамгаалах систем нь Москвагийн ашигласан пуужингийн төрлийг эсэргүүцэж чадахгүй байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский түншүүдийнхээ өмнө нь өгч байсан агаарын хамгаалалтыг дахин өгөхийг уриаллаа.
Украины бусад бүс нутгуудад: Украины Харьков, Запорожье мужуудад шөнөжин Оросын агаарын довтолгоо үргэлжилсэн байна. Бүс нутгийн удирдагчдын мэдээлснээр Харьковт хоёр хүн амиа алдсан байна. Орос мөн Украины Запорожье муж дахь 20 орчим энгийн сууринд дайралт хийсэн гэж тэндхийн цэргийн удирдагч мэдэгджээ.
Крым дахь зэвсгийн агуулах: Украины цэргүүд өнгөрсөн бямба гарагт Крым дахь сумны агуулахад цохисны улмаас, бүс нутгийг албадан нүүлгэн шилжүүлж, галт тэрэгний хөдөлгөөнийг цуцалсан гэж Оросын дэмжлэгтэй эрх баригчид мэдээлэв. Энэ нь Оросын ханган нийлүүлэлт болон чухал дэд бүтцэд цохилт өгсөн хамгийн сүүлийн үеийн тохиолдол болж байна.
Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээр: Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Африкийн хүнсний аюулгүй байдлын асуудлаар ярилцахаар Экваторын Гвинейд айлчилж байна. Мэргэжилтнүүд болон дэлхийн удирдагчид Орос Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрээс гарснаар дэлхийн олон орны хүнсний эх үүсвэрт аюул учруулж болзошгүйг анхааруулж байна.
Эх сурвалж: CNN