/2023.07.20/: Москва Украины боомтуудаас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэхийг зөвшөөрсөн гэрээнээс гарсны дараа үр тарианы экспортыг үргэлжлүүлэхийн тулд түр зуурын тээвэрлэлтийн маршрут тогтооно гэж Киев мэдэгдсэн юм.
Харин үүний хариуд Украины Хар тэнгисийн боомтууд руу зорчиж буй хөлөг онгоцуудыг цэргийн хөлөгт тооцно гэж ОХУ анхаарууллаа.
ОХУ-ын Батлан хамгаалах яам лхагва гарагт Украин руу зорчиж буй бүх хөлөг онгоцыг Киевийн нэрийн өмнөөс цэргийн ачаа тээвэрлэж болзошгүй гэж үзэж, "ийм хөлөг онгоцны далбаатай орнуудыг Украины мөргөлдөөнд оролцогч талууд гэж үзнэ" гэж мэдэгдэв.
Батлан хамгаалах яам Telegram аппликейшн дээр хийсэн мэдэгдэлдээ Москвагийн цагаар шөнө дундаас (Лхагва гарагийн 21:00 цагаас) эхлэн Хар тэнгис дэх хөлөг онгоцуудын эсрэг шинэ байр сууриа хэрэгжүүлнэ гэж мэдэгдэв.
Батлан хамгаалах яам Украин руу зорчиж буй хөлөг онгоцнуудад ямар арга хэмжээ авч болохыг мэдээлээгүй байна.
Мөн Орос улс Хар тэнгисийн олон улсын усны зүүн өмнөд болон баруун хойд хэсгийг далайн тээврийг түр зуурын аюултай гэж зарласан гэж тус яам мэдэгдсэн хэдий ч уг хэсэгт орох хэсгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Украйн өнгөрсөн лхагва гарагт Хар тэнгисийн хөрш орнуудын нэг болох Румынаар дамжин өнгөрөх түр тээврийн замыг бий болгож байгаагаа мэдэгдсэн юм.
Харин Цагаан ордны өндөр албан тушаалтан Москвагаас хийсэн мэдэгдлийг "Орос Хар тэнгист иргэний хөлөг онгоц руу зориудаар довтолж түүнийгээ Украины буруу мэтээр ойлгуулах гэж байна" гэж мэдэгдэв.
Орос улс хүнсийг "дайны зэвсэг болгон ашиглаж байна" гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер мөн лхагва гарагт мэдэгдээд, Москва хоёр өдөр дараалан олон улсын усан дахь усан онгоцнуудын эсрэг заналхийлж, Украины Одесса боомт хот руу хоёр шөнө дайрсан гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Aljazeera