/2023.07.19/: Сүүлийн үед Богдхан уулын дархан цаазат газар, нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт могой ихээр үзэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Бамбай хоншоорт могой нь ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг энэхүү могой нь 70 орчим см урттай, ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн өнгөтэй.
Гэвч өнгө нь маш хувирамтгай байдаг. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан, биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой. Хүүхэн хараа нь босоо.
Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамарын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.
Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатай.
Эх сурвалж: БУДЦГ