/2023.07.19/: Дэлхийн хамгийн том, хамгийн олон хүн амтай тивийн улс орнуудад цаг агаарын эрс тэс үзэгдлүүд ээлж дараалан болж байгаа ч одоогийнхоос илүү их өөрчлөлтөд бэлтгэлтэй байхыг засгийн газрууд анхааруулж байна.
Энэ сард орсон аадар борооны улмаас Япон, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэгийн зарим хэсэг усанд автаж, олон сая хүний амь нас эрсдэж, үер бууж, хөрсний гулгалт үүсч, цахилгаан тасарчээ. Дээд хэмжээг эвдээд буй халуунаас үүдэлтэй өвчлөл үүсэх, ялангуяа өндөр настан гэх мэт эмзэг бүлгийн хүмүүсийн өвчлөл нэмэгдэхэд хүргэж байна.
Өнгөрсөн бямба гарагт Өмнөд Солонгосын төв хэсэгт орших Чонжу хотод гол үерлэж газар доорхи нүхэн гарцыг үерт автуулж, тээврийн хэрэгсэл, тэр дундаа нийтийн тээврийн автобусыг живүүлсний улмаас 13 хүн амиа алджээ.
Өмнөд Солонгост сүүлийн өдрүүдэд үерээс болж 41 хүн амиа алдаж, олон мянган хүн орон гэрээ нүүлгэн шилжүүлж, түр хоргодох газар хайхаас өөр аргагүйд хүрчээ.
Хүмүүс олноор амиа алдсаны дараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёол цаг агаарын эрс тэс уур амьсгалын эсрэг авах арга хэмжээг өөрчлөхийг уриалав.
Тэрээр "Цаашдаа иймэрхүү цаг агаарын эрс тэс үзэгдэл хэвийн үзэгдэл болох болно. Бид уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байгааг хүлээн зөвшөөрч, түүнтэй тэмцэх ёстой" гэж тэрээр мэдэгджээ.
Үүнтэй зэрэгцэн Японд их хэмжээний бороо орсны улмаас үер бууж, зургаан хүн амиа алдаж, олон хүн сураггүй алга болсон байна.
"Өмнө нь хэзээ ч орж байгаагүй бороо орж байна" гэж Японы Цаг уурын агентлагийн төлөөлөгч мэдэгдээд гамшигт өртсөн бүс нутгийн оршин суугчдыг дээд зэргээр сонор сэрэмжтэй байхыг уриалав.
Энэ нь Филиппин, Камбожийн өмнөд хэсэгт үерийн улмаас нийслэл Манила, Пномпен зэрэг томоохон хотуудын тээврийн тасалдлаас эхлээд Энэтхэгийн хойд хэсэгт хур тунадас орсны улмаас олон арван хүний амийг авч одсон гэж албаныхан мэдээлэв.
Энэ сарын 10-ны өдөр нийслэл Дели хотод 40 гаруй жилийн хугацаанд тохиолдсон хамгийн их бороотой өдөр тохиолоо гэж эрх баригчид мэдэгдэв. Хүчтэй аадар бороо сургуулийг хааж, олон хүнийг хамгаалах байргүй болгов.
Зарим бүс нутгууд үхлийн аюултай аадар бороотой тэмцэж байхад зарим нь хэт халууныг тэсэн гарахаар тэмцэж байна.
Даваа гарагт Хятадын зүүн хойд хэсэгт байрлах цаг уурын станц 52.2 хэмийг бүртгэсэн бол Японд агаарын температур цельсийн 39.7 хэм хүртэл нэмэгдсэн байна.
Даваа гарагт Хятадын таван цаг уурын станцын хэмжээс 50 хэмээс хэтэрсэн нь түүхэн дэх хамгийн халуунд тооцогдож байна. Нийслэл Бээжин хотод долоодугаар сарын эхээр агаарын температур 40 хэмээс хэтэрсэн зэргээс шалтгаалж албаныхан хоёр долоо хоногийн турш хэт халууны улаан дохио өгөхийг уриалав.
АНУ-ын цаг уурын асуудал эрхэлсэн элч Жон Керри өнгөрсөн ням гарагт Бээжин, Вашингтон хоёрын хооронд цаг уурын асуудлаарх хамтын ажиллагаагаа сэргээхээр хэлэлцээ хийхээр Хятадад хүрэлцэн ирсэн байна.
Дэлхийн хамгийн том агаарын бохирдуулагчдын нэг Хятад улс цаг агаарын эрс тэс үзэгдлүүдтэй нүүр тулж байгаа бөгөөд тус улсын бусад хэсэгт, ялангуяа өмнөд хэсэгт аадар бороо орж, үер бууж байна.
Эх сурвалж: CNN