/2023.06.30/: Москвагийн Украин дахь дайн үргэлжилж, фронтын шугамын дагуух хотууд руу гал нээж, Украины өмнөд болон зүүн хэсгийн халуун цэгүүдэд мөргөлдөөн нэмэгдсээр байна.
Оросын генерал: Сүүлийн өдрүүдэд Оросын Агаарын цэргийн хүчний командлагч генерал Сергей Суровикинтэй холбоотой асуултууд эргэлдэж байна. Тэрээр Вагнерын нууц VIP гишүүн байсан бололтой. Үүний зэрэгцээ, Суровикин бослого дууссанаас хойш хаана байгаа нь одоог хэр нь тодорхойгүй, харин Пригожин Беларусьд буусан гэх мэдээлэл байгаа аж. Суровикин Москвагийн шоронд болон бусад урьдчилан хорих газарт хоригдож байгаа гэх мэдээллийг Оросын албаны хүн няцаасан тухай зарим хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.
Тулалдааны талбарт: Украины армийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, зэвсэгт хүчин байлдааны ажиллагаа өрнөж буй зүүн Бахмут хотын эргэн тойронд ахиц дэвшил гаргасан байна. Зүүн фронтын ойролцоох бусад халуун цэгүүдэд мөн мөргөлдөөн гарч байна. Украины арми хэлэхдээ, Бахмутаас хойд зүгт Орос сүүлийн 24 цагийн дотор Лайман, Купянск хотуудын хооронд довтолгоогоо эрчимжүүлж, арав гаруй газарт дайралт хийсэн байна. Мөн өмнөд фронтод Украины 47-р бригад мина ихтэй газар нутагт аажмаар ч гэсэн тогтвортой урагшилж байна гэж мэдэгдэв.
Кластер бөмбөг: Украинчууд долоо хоног үргэлжилсэн сөрөг довтолгоондоо томоохон ахиц олох гэж тэмцэж байгаа тул Байдены засаг захиргаа кластер бөмбөгтэй цэнэгт хошууг Украин руу шилжүүлэх талаар хэлэлцэж байна гэж эх сурвалж мэдээллээ. Гэвч энгийн иргэдэд учирч эрсдэл болзошгүй, мөн Их Британи, Франц, Герман зэрэг АНУ-ын зарим гол холбоотнууд кластер бөмбөгийн хоригт гарын үсэг зурсан тул АНУ тэдэнд өгөхөөс татгалзаж байсан юм.
НАТО ирээдүйд: Удахгүй болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ тэргүүтэй эвсэл итгэл үнэмшилээ хадгалахыг хүсвэл Украиныг гишүүн орон болгох арга замыг хэлэлцэх ёстой гэж шинжээчид пүрэв гарагт мэдэгдэв. “Энэ нь мэдэгдэхүйц байх ёстой. Яг ямар шалгуур тавих, хэдийд гишүүнээр элсүүлэх, Украин яг ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ гэх мэт зүйлсийг тодорхой болгох хэрэгтэй” гэж Атлантын Зөвлөлийн Трансатлантын аюулгүй байдлын санаачилгын захирал Кристофер Скалуба хэлэв.
Эх сурвалж: CNN