/2023.06.29/: Мягмар гарагт Парисын ойролцоо 17 настай жолооч цагдаа нарын тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас цагдаа нарт буудуулж амиа алджээ.
Уг үйл явдлаас болж Францад олон мянган аюулгүй байдлын хүчнийхэн хоёр дахь шөнөө эмх замбараагүй байдалтай тулгарч байна.
Баруун зүгийн Реннес хотод амиа алдсан өсвөр насны хүүхдэд хүндэтгэл үзүүлэхээр 300 орчим хүн цугларсан бөгөөд тэдний ихэнх нь гал асааснаас, гал сөнөөгчид галыг унтраахын тулд цагдаа нараас тусламж хүссэн байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Нахелыг буудсаныг "уучлашгүй алдаа" гэж мэдэгдэв.
Гэвч түүний энэ мэдэгдэл цагдаагийн үйлдвэрчний эвлэлүүдийн дургүйцлийг хүргэсэн бөгөөд тэд түүнийг хэрэгт холбогдсон офицеруудыг шүүхээр яаравчилж байна гэж буруутгаад байгаа юм.
Alliance Police-ийн холбоо тэднийг гэм буруутай нь тогтоогдох хүртэл гэм буруугүй гэж үзэхийг уриалсан бол өрсөлдөгч Unité SGP Police нь мөн "цагдаагийн эсрэг үзэн ядалт"-ыг хөхүүлэн дэмжсэн улс төрийн хөндлөнгийн оролцоо гэж дүгнэж байна.
Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин Францын цагдаагийн эрх ашгийг хамгаалах бүлэглэл өсвөр насны хүүгийн амийг хөнөөсөн хэргийг зөвтгөх зорилготой "хүлээн авах боломжгүй" жиргээ нийтэлсний дараа тэдэнд хуулийн дагуу арга хэмжээ авна гэж мэдэгдэв.
Энэхүү жиргээ нь устгагдсан бөгөөд уг жиргээнд "Залуухан гэмт хэрэгтэн рүү гал нээсэн алба хаагчдад "браво" гэж хэлээд өсвөр насны хүүгийн эцэг эхийг үхэлд нь буруутгаж, "хүүхдээ сургаж чадаагүй" гэсэн байжээ.
Нахелийн ээж Моуниа олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүүхдийг нь хөнөөсөн тухайгаа ярьж, хүүг нь дурсах жагсаалд нэгдэхийг хүмүүст уриалсан байна.
Тэрээр "Миний хүү жаахан хүүхэд хэвээрээ байсан. Түүнд би хэрэгтэй хэвээрээ байсан. Тэр өглөө намайг үнсээд "Ээжээ би таньд хайртай" гэж хэлсэн. Цагийн дараа миний хүүг хэн нэгэн буудчихлаа гэж хэлсэн. Би яах вэ? Тэр миний амьдрал байсан. Тэр миний бүх зүйл байсан" гэжээ.
Одоогийн байдлаар түүнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй офицер санаатайгаар хүний амь хөнөөсөн хэргээр цагдан хоригдож байгаа юм.
Нахел нь энэ жил Францад автомашиныг зогсоохоор гал нээсний улмаас амиа алдсан хоёр дахь хүн болжээ. Өнгөрсөн онд ийм байдлаар 13 хүн амиа алдсан байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр 2017 оноос хойш дээрх шалтгаанаар амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь хар арьст эсвэл араб хүмүүс байжээ.
Эх сурвалж: ВВС