У.Хүрэлсүх: Ногоон болон цахим худалдаа, экспортыг хөгжүүлэх нь чухал байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх: Ногоон болон цахим худалдаа, экспортыг хөгжүүлэх нь чухал байна

/2023.06.27/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн дор Шангри-Ла зочид буудалд үргэлжилж байна.

Чуулга уулзалтаар ногоон эдийн засаг, худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэйчүүд, залуучуудын бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, цахим шийдлүүдийг санал болгох, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ зах зээл, шинэ боломжийг хэлэлцэж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулга уулзалтын албан ёсны нээлтэд оролцож зочид, төлөөлөгчдөд амжилт хүсэв.

Чуулга уулзалтын эхний өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 26-нд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт, худалдааны дэд бүтэц, бүс нутгийн холболт, худалдааг хүртээмжтэй хөнгөвчлөх зэрэг сэдвээр дугуй ширээний уулзалт болсон.

Хоёр дахь өдрийн уулзалтаар залуучуудын бизнес, эрхлэлтийг нэмэгдүүлэх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, ногоон бизнес болон төслүүдийг танилцуулах тэмцээн зохион байгуулах юм.

Тэмцээнд дэлхийн 63 орноос сонгогдсон залуу бизнес эрхлэгчид ногоон бизнесийн шийдэл, байгаль орчны нөхөн сэргээх санаачилга гэсэн хоёр төрлөөр өрсөлдөж байна.

Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлэг, бизнес уулзалтуудаас гарсан үр дүнг нэгтгэн 2023 оны сүүлээр эхлүүлэх Үндэсний экспортын стратегид тусгахаар төлөвлөжээ.

“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-д дэлхийн 70 орны 600 гаруй төлөөлөгч оролцож байна.

Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид аа,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-д оролцохоор хүрэлцэн ирсэн Та бүхэндээ энэ өглөөний амар амгаланг айлтган мэндчилье.

20 дахь удаагийн энэ уулзалтыг хамтран зохион байгуулж буй Олон улсын худалдааны төв болон дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн төр, засаг, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, олон улсын байгууллагын төлөөлөл Та бүхэндээ Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Мөн эрхэм хүндэт зочин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй, арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн төлөөлөгч хатагтай Рабаб Фатима, Олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал хатагтай Памела Көүк Хамилтон, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан захирал ноён Клаудио Визолли болон бусад төлөөлөгчдөд “Дэлхийн бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Дэлхийн дахины худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, ажлын байрыг бий болгоход бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид маань онцгой чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

Одоогоор дэлхий даяар нийт аж ахуйн нэгжийн 90 хувь, нийт ажил олгогчдын талаас илүү хувь нь бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид эзэлж байна.

Дэлхийн банкны судалгаагаар эрчимтэй хөгжиж буй орнуудын хувьд дунджаар 10 ажлын байр тутмын 7-г нь бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчид бий болгож, тэдгээр улс орнуудын үндэсний нийт орлогын 40 орчим хувийг бүрдүүлж байна.

2030 он гэхэд хөдөлмөрийн насны хүн амыг ажлын байраар хангахад нийтдээ 600 сая шинэ ажлын байр бий болгох шаардлагатай гэсэн тооцоо гарч, улс орнуудын бодлогын тэргүүлэх чиглэл нь бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудал болоод байна.

Харин сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахал олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, бараа үйлчилгээний нийлүүлэлт, өртгийн сүлжээнд өмнө байгаагүй сорилт бэрхшээл учруулсан.

Нэн ялангуяа далайд гарцгүй, хөгжиж буй орнуудад дээрх хүндрэл бэрхшээл илүү хүчтэй мэдрэгдэж, илүү их зардал, хохирол амссан.

Хүн төрөлхтөн цар тахал, бараа үйлчилгээний үнийн өсөлт, хүнсний хомсдол, эрчим хүчний хямрал, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал зэрэг олон хүнд сорилт, бэрхшээлтэй нүүр тулсан энэ үед чуулга уулзалт болж байгаа нь түүхэн, онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, энэ хүнд хэцүү ээдрээтэй цаг үед Тогтвортой хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд ногоон болон цахим худалдаа, экспортыг хөгжүүлэх нь чухал юм.

Эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй, тогтвортой, дархлаатай нийгэм, эдийн засгийн хөгжлийг бий болгох, улс орнуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд залуучууд, эмэгтэйчүүд, гарааны болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, олон улсын хамтын нийгэмлэг, санхүүгийн байгууллагуудын үүрэг, оролцоо урьд өмнөхөөс илүү чухал болж байна.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Та бид далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй сорилт бэрхшээл, боломж нөхцөл, дэлхийн экспортыг төрөлжүүлэх, тухайлбал, ногоон, цахим, хүртээмжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй олон асуудлыг хэлэлцэж, харилцан ашигтай, хамтын ажиллагаагаа тодорхойлохоор хуран цуглаад байна.

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дэлхийн хүн амын найман хувийг эзэлдэг бөгөөд дийлэнх нь залуучууд байна. Мөн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд далайд гарцтай орнуудтай харьцуулахад харьцангуй сул, дэлхийн эдийн засгийн нэг орчим хувийг л бүрдүүлж байна.

Сүүлийн 20 гаруй жилд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдийн засгийн дундаж өсөлт нь далайд гарцтай орнуудтай харьцуулахад өндөр байсан нь эдгээр улсын хувьд газар зүйн байршил нь суурь бэрхшээл хэдий ч харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлж чадвал бодит үр дүнд хүрч болохыг харуулж байна.

Гэхдээ түүхий эдийн экспортоос хамаарал өндөр, эдийн засгийн байдал эмзэг хэвээр байна.

Мөн Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх гэрээ”-ний хэрэгжилт далайд гарцгүй улс орнуудад хангалтгүй байсаар байна.

Түүнчлэн цар тахал, геополитикийн хурцадмал байдал ч далайд гарцгүй хөгжиж буй орнуудад хүнд цохилт болж, ялангуяа хүнсний хомсдол, эрчим хүчний хямралд оруулж, мөнгөн гуйвуулга татарч, ажиллах хүчний хомсдол нүүрлэж, эцэстээ Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд эрсдэл учруулахаар байна.

Тиймээс энэ чуулга уулзалтаар гарц шийдлийг хэлэлцэж, ажил хэрэгч санал, санаачилга гарган, дуу хоолойгоо нэгтгэн НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Гуравдугаар бага хуралд танилцуулна гэдэгт итгэлтэй байна.

Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний оршин тогтнохуйн аюулгүй байдалд хүчтэй нөлөөлж, дэлхий даяар үүнд онцгой анхаарал хандуулан, хичээн ажиллаж байгаа хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл эрчимжсэн хэвээр байна.

Тиймээс дэлхийн худалдаа, эдийн засгийн харилцааг илүү ногоон, органик, цахим байдлаар төрөлжүүлж, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэн, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэдээ шинэ боломж нээж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, тэгш боломж олгох шаардлагатай байна.

Монгол Улс уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилт, шороон шуургыг сааруулах, хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг тууштай дэмжиж, өөрийн зохих хувь нэмрээ оруулахаар идэвхтэй ажиллаж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан орон даяар хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, ард иргэд дэмжиж, хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Дээрх үндэсний хөдөлгөөнүүд нь байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг хурдасгаад зогсохгүй бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж, улмаар ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бий болгох зэргээр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд эерэг үр дүн авчирна гэж итгэж байна.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Аливаа улс үндэстний хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал үүрэгтэй байдаг.

Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, бизнесийг дэмжсэнээр нийгэм, эдийн засагт өндөр үр ашиг авчирч, эдийн засгийг төрөлжүүлэх, дархлааг нь нэмэгдүүлэх, орлогыг тэгш бус байдлыг бууруулдаг зэрэг олон эерэг нөлөөтэй.

ОУВС-ийн судалгаанаас үзэхэд дэлхийн нийт ажиллах хүчний 40 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж, эмэгтэй ажиллах хүчний оролцооны түвшин эрэгтэйчүүдийнхээс бараг 25 хувиар доогуур байна.

Мөн эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн улс орнуудад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин 10-20 хувийн зөрүүтэй байгааг дурджээ.

Эмэгтэйчүүд албан бус салбарт түлхүү ажиллаж, ахуйн шинжтэй ажил түлхүү эрхэлж, удирдах албан тушаалд ч эрчүүдээс цөөн тоогоор ажиллаж байна.

Үүний зэрэгцээ 10 улс орны есөд нь эмэгтэйчүүдийн хүйсээр ялгаварласан ямар нэгэн хуулийн хязгаарлалт байгаа нь эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог бүрэн ашиглаж чадахгүй байгааг судалгаа харуулжээ.

Улс орнуудын төр, засаг нь эмэгтэйчүүдээ сонсож, бүх талаар дэмжиж байж дэлхий нийт Тогтвортой хөгжлийн зорилтоо бүрэн хэрэгжүүлж чадна.

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэсэн ардчилсан Монгол Улс улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн хөгжилд жендерийн тэгш оролцоотой байх зарчмыг Үндсэн хуульдаа тунхагласан юм.

Монгол Улсад одоогоор 1.2 сая орчим хүн албан ёсоор ажил эрхэлж байгаагийн 46.5 хувь эмэгтэйчүүд байна. Нийт ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн 65 гаруй хувь нь цалин хөлстэй байгаа бол 13 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 21 хувь нь малчин эмэгтэйчүүд юм.

Эмэгтэйчүүд маань нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт ажиллаж байгаа ч жижиг, дунд, бичил бизнесийн салбарт түлхүү ажиллаж, баялаг бүтээж байна.

Энэ салбарт бизнес эрхлэгчдийн бараг 70 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд тэдний 80 орчим хувь нь худалдаа, үйлчилгээ болон дахин боловсруулалтын салбарт ажиллаж, 2009-2020 оны хооронд 50 мянган ажлын байр шинээр бий болгожээ.

Монгол Улс эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бүх талаар дэмжих чиглэлд онцгой анхаарч байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурал Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцох оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг боловсруулж эхлээд байна.

Энэ чуулга уулзалтын хүрээнд Олон улсын худалдааны төвийн “Эмэгтэйчүүдийн худалдааг дэмжих төв – SheTrades Hub”-ийг Монгол Улсад албан ёсоор нээж байгаад Олон улсын худалдааны төв болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд гүн талархал илэрхийлье.

Энэ төв эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, Монгол Улсын худалдаанд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Дэлхий нийтийн өмнө болон олон улсын харилцаанд тулгамдаж буй олон улсын энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдлын асуудлын шийдлийг хэлэлцэхээр “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын олон улсын уулзалт” Улаанбаатар хотноо тун удахгүй болох гэж байгааг дуулгахад таатай байна.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Дэлхий дахины хөгжлийн ирээдүйг тодорхойлж буй нэгэн чухал асуудал бол цахим шилжилт билээ. Хүн төрөлхтний өнөө цагийн аж амьдрал, хөгжил дэвшлийг цахим ертөнц, цахим шийдэл, цахим худалдаагүйгээр төсөөлөхийн аргагүй.

Цар тахлын хүнд жилүүд цахим шилжилт, цахим худалдааны үүрэг, ач холбогдлыг хүн төрөлхтөнд хүчтэй мэдрүүлсэн.

Цар тахлын өмнөх үе буюу 2019 оны байдлаар дэлхийн цахим худалдааны хэмжээ 27 орчим тэрбум ам.доллароор хэмжигдэж, 15 наснаас дээш насны дэлхийн нийт хүн амын 27 хувь буюу 1.5 тэрбум хүн цахим худалдаа хийжээ.

НҮБ-ын судалгаагаар цар тахлын үе буюу 2020 онд дэлхий даяар үйлчилгээний экспорт 2019 оноос 20 хувиар буурсан ч цахим үйлчилгээний экспорт дөнгөж хоёр орчим хувиар буурсан байна. Тухайн үед цахим үйлчилгээний экспорт нийт үйлчилгээний экспортын 64 хувийг бүрдүүлжээ.

2005-2019 оны хооронд цахим үйлчилгээний экспорт дэлхий даяар 12 хувиар өссөн байдаг бол Ази тивд 21 хувиар өссөн нь Азийн орнууд цахим шилжилтийг илүү эрчимтэй хийж байна гэсэн үг.

Цахим шилжилтээ үр дүнтэй, оновчтой зөв зохион байгуулж, цахим эдийн засгийн өсөлтөө хурдасгаж чадсан улс орны хөдөлмөрийн бүтээмж олон дахин нэмэгдэж байгааг олон улсын бодит туршлага, амжилтууд харуулж байна.

Монгол Улс ч бусад орны жишгээр цахим шилжилтийг эрчимжүүлэх, “Цахим үндэстэн” болох зорилго тавьж, өнгөрсөн онд Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр байгуулсан.

Судалгаагаар 3.4 сая хүн амтай Монгол Улс 4.8 сая идэвхтэй үүрэн телефоны хэрэглэгчтэй болж, 3.5 сая хэрэглэгч өдөр тутамдаа өндөр хурдны интернэт ашиглаж, 1.3 сая хүн олон нийтийн цахим сувгуудыг тогтмол ашиглаж байгаа нь монголчууд “Цахим үндэстэн” болох бүрэн боломжтойг илтгэдэг.

Далайд гарцгүй, хүн амын хувьд тархмал суурьшилтай Монгол Улс цахим шилжилт, цахим худалдааг хөгжүүлэх нь эдийн засаг, худалдааг төрөлжүүлэх нэг чухал суваг юм.

Сүүлийн жилүүдэд цахим хөгжлийг эрчимжүүлэхэд онцгой анхаарч, суурин газруудад шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэн, ялангуяа интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлээд байна.

НҮБ-ын судалгаагаар Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн хийсэн цахим худалдаа 2017-2021 оны хооронд тав дахин нэмэгдсэн нь далайд гарцгүй орнууд дундаа хамгийн өндөр өсөлт, дэлхийд ч дээгүүрт тооцогдож байна.

Цахим худалдаа 2022 оны байдлаар 352 сая ам.долларт хүрч, нийт худалдааны салбарын 24 хувьтай тэнцэж байгаа бөгөөд 2027 гэхэд бараг хоёр дахин нэмэгдэж, 600 сая ам.доллар давах төлөвтэй байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар манай залуучуудын цахим хөгжил, цахим технологийн талаарх боловсрол, мэдлэг мэдэгдэхүйц сайжирч, бараг тэн хагас нь мэдээлэл, технологийн ерөнхий мэдлэгтэй байгааг онцолжээ.

Түүнчлэн дотоодын худалдаанд цахим төлбөр тооцоо өргөнөөр нэвтрээд байна.

Цахим шилжилтийг эрчимжүүлэхдээ хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдээ дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг хялбаршуулах, хүнд суртлыг бууруулах, цаг хугацаа хэмнэхэд онцгой анхаарч байна.

Энэ хүрээнд “E-Mongolia” төрийн үйлчилгээний цахим платформыг хөгжүүлж, төрийн 71 байгууллагын 806 үйлчилгээг цахимжуулаад байгаа нь бизнесийн эрхлэгчдээ дэмжиж буй цахим шилжилтийн эхний бодит үр дүн юм.

Бизнес эрхлэхэд төрийн зүгээс тавьдаг татвар, бүртгэл, зөвшөөрөл зэрэг олон шаардлагыг “E-Business” цахим платформоор дамжуулан шат дараатай цахимжуулаад байгаа нь бизнесийн орчныг сайжруулахад эерэг үр дүн авчирна гэж итгэж байна.

Цаашид цахим худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оролцогч талуудын хоорондох итгэлцэл, найдвартай аюулгүй байдлыг хангах, холбогдох төлбөр тооцоо, орон нутгийн суурь дэд бүтцийг улам сайжруулах шаардлагатай.

Мөн цахим шилжилтийг эрчимжүүлэхэд бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэж байна.

Энэ чуулга уулзалтаар цахим худалдааг өргөжүүлэх чиглэлээр сайн туршлага, ажил хэрэгч санал санаачилга гарган, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм чуулга уулзалтын төлөөлөгчид өө,

Дэлхийн нийт хүн амын 40 гаруй хувийг 25-аас доош насны залуучууд эзэлж байна.

Өнөөдрийн гарааны болон бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч залуучууд бол маргаашийн ажил олгогчид, баялаг бүтээгчид бөгөөд ирээдүйн хөгжлийн хөдөлгөгч хүч юм.

Тиймээс залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжих, урамшуулах нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал юм.

Монгол Улсын хувьд нийт хүн амын 30 хувь нь 15-34 насны залуучууд бөгөөд харьцангуй сайн боловсрол эзэмшсэн гэж олон улсын судлаачид үздэг.

Дээрх насны залуучуудын 30 гаруй хувь нь дээд боловсролтой ч ажилгүйдлийн түвшин 20 орчим хувьтай байгаа нь ижил төстэй орнуудтай харьцуулахад өндөрт тооцогддог.

Тиймээс эмэгтэйчүүд болон залуучуудын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэднийг чанартай, байнгын ажлын байраар хангах нь чухал байна.

Залуу бизнес эрхлэгчийг дэмжих, тэдний боловсрол, эрх зүйн орчныг сайжруулах, инкубатор төвүүд байгуулах, аж ахуйн нэгжүүд цахим шийдэл, шинэ технологи нэвтрүүлэхийг нь урамшуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэгт онцгой анхаарч байна.

Монгол Улсын Их Хурал ч Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулж, батлан гаргалаа.

Энэ чуулга уулзалтаар залуу бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдсан чухал асуудлуудыг хөндөн хэлэлцэж, залуусын мэдлэг оюун, бизнест хөрөнгө оруулж, тэднийг урамшуулан, дэмжсэнээр хариуцлагатай, хүртээмжтэй, ногоон хөгжлийг бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна.

Энэ дашрамд энэ чуулганы үеэр зохион байгуулагдах “Залуу Эко-Пренерүүдийн уралдаан”-д дэлхийн өнцөг булан бүрээс оролцож буй залуу бизнес эрхлэгчид, ирээдүйн эзэд Та бүхэндээ амжилт хүсье.

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Энэ нэр хүндтэй олон улсын чуулга уулзалт, хамтын ажиллагаа, яриа хэлцэл, нэгдсэн зөвшилцөл нь дэлхий нийтийн тогтвортой, хүртээмжтэй хөгжил дэвшилд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн төлөө, хүн төрөлхтний эрүүл, аюулгүй, амар тайван амьдралын төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэн Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсад тавтай морилж, тухлан саатаарай.

20 дахь удаагийн “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” албан ёсоор нээснийг мэдэгдье.

Чуулга уулзалтад амжилт хүсье” гэлээ.

Эх сурвалж: ЕТГ

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.