/2023.06.21/: Киев АНУ-аас нийлүүлсэн HIMARS алсын тусгалтай пуужингийн систем, Их Британиас нийлүүлсэн "Storm Shadow" далавчит пуужингаар хавсарсан цохилтыг Крымын хойгт өгөхөөр төлөвлөж байна гэж Москва үзэж байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мягмар гарагт болсон цэргийн албан тушаалтнуудын уулзалтын үеэр хэлэхдээ, Украин АНУ-аас нийлүүлсэн HIMARS алсын тусгалтай пуужингийн систем, Их Британиас нийлүүлсэн "Storm Shadow" далавчит пуужингаар Крымд цохилт өгөхөөр төлөвлөж байгаа тухай мэдээлэл Москвад байгаа гэж мэдэгджээ.
"Эдгээр пуужинг дайны бүсээс гадуур хэсэгт ашигласнаар АНУ, Их Британи хоёрыг мөргөлдөөнд бүрэн татан оролцуулсан хэрэг болно. Мөн Украин дахь шийдвэр гаргах төвүүдэд нэн даруй цохилт өгнө" гэж Шойгу хэлэв.
Орос улс 2014 онд Украины Крымын хойгийг өөртөө нэгтгэсэн. Тийм учраас Крым нь Украины нутаг дэвсгэрээ эргүүлэн авахаар тэмцэж буй хүрээнээс гадуур гэж үзэж байна.
Харин Киев Оросын Хар тэнгис дэх тэнгисийн цэргийн баазын нутаг Крым зэрэг бүх газар нутгаа эргүүлэн авах хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.
Шойгу хэлэхдээ, Украины зэвсэгт хүчин зургаадугаар сарын 4-нөөс хойш Оросын байрлал руу 263 удаа халдлага үйлдсэн бөгөөд үүнийг Москва Украины сөрөг довтолгооны эхлэл гэж үзэж байна.
“Манай ангиудын ухаалаг, аминч бус үйл ажиллагааны ачаар бүх дайралт няцаагдсан. Дайсан зорилгодоо хүрч чадаагүй” гэж Шойгу хэлэв.