/2023.05.11/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж байна. Уулзалтад нийслэлийн 293 сургуулийн 12-р ангийн 650 сурагч оролцож байгаа юм.
Ерөнхий сайд “Шинэ сэргэлт-Шинэ мянган” илтгэл танилцуулан, мэргэжил сонголтын талаар ярилцаж, сурагчдын асуултад хариулж байна.
Сурагчид "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод байгаль орчин, ногоон хөгжил, аж үйлдвэржилт, боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжлийн талаар хэрхэн туссан болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн талаар тодрууллаа.
Мөн Ерөнхий сайдаас жинхэнэ боловсорсон хүн гэж хэнийг хэлэх вэ, өнөөдөр авлигатай тэмцэх нь маш чухал гэхдээ урт хугацаандаа бид цөлжилтөд санаа зовж байна, соёл урлагийн салбар уналтад орж, мэргэжлийн уран бүтээлчид ажлаасаа гарч байна, дэлхийн геополитик хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед манай улс батлан хамгаалах, зэвсэгт хүчний хувьд ямар бодлого баримталж байна вэ, ЭЕШ-ын оноог ямар аргачлалаар тооцдог вэ, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт хүн бүрд хүндээр тусаж байна инфляцын түвшинг хэрхэн бууруулах вэ зэрэг асуулт асууж хариулт авч байна.
Сурагчид байгалийн ухааны хичээлийн лаборатори дутмаг учраас дадлага, туршилт хийж чаддаггүй. Хүүхдүүд амьдрах ухааны мэдлэг авч чадахгүй төгсөж байна. Багш зэрэг чухал мэргэжлийн босго оноог бууруулснаар тухайн мэргэжил үнэгүйдэж байна. Эмч, багш нарын цалинг нэмж, ажлын байрны нөхцөлийг сайжруулах хэрэгтэй. Багш болмоор байгаа ч ажилд орох үед нь цалин, хөлс нь энэ хэвээр байх вий гэж санаа зовж байгаагаа ч хэлж байна.
Дөнгөж төгссөн залуучуудаас ажилласан жилийн туршлага нэхдэг байдлыг өөрчилмөөр байна гэлээ. Нийгэмд төрийн сургуулийн сурагч, хувийн сургуулийн сурагч гэдэг ялгаатай ойлголт, тэгш бус байдал үүсчихлээ гэхчлэн байр сууриа илэрхийлж байна.
Зарим сурагч хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан инженер техникийн мэргэжил сонгон, ЭЕШ-д бэлдэж байгаагаа хэллээ.