Л.Оюун-Эрдэнэ: Иргэний төлөөлөх эрхийг жинхэнэ утгаар хамгаалсан, шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн үүрэг та бидэнд ноогдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Иргэний төлөөлөх эрхийг жинхэнэ утгаар хамгаалсан, шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн үүрэг та бидэнд ноогдлоо

/2023.5.4/ УИХ-ын чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж байна. Л.Оюун-Эрдэнэ:

Үндсэн хуулийн үг үсэг, цэг таслал бүхэн гүн гүнзгий утга илэрхийлж, бүх нийтээрээ нийгмийн соёл, эрхзүйн ухамсрыг төлөвшүүлэхийн төлөө эрмэлзэх агуулгатай.

МУ-ын ҮХ-нд Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Сонгож байгуулсна төрийн эрх барих байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан байдаг.

Эл агуулгаар УИХ, Засгийн газрын гишүүд бол эрх мэдэлтэн, албан тушаалтан гэхээсээ илүү нийгмийн сайн сайхны төлөө иргэдийг төлөөлж буй ард түмний элч, итгэлийн гүүр юм. Улс орнуудын уруудан доройтсон түүхэн туршлага нь авлигаас ангид засаглалтай шууд холбоотой байдаг нь ойлгомжтой.

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын нэр хүндийг унагаж буй үйлдлийг нэн яаралтай таслан зогсоож, төр иргэний итгэлцлийг эргэн сэргээж чадахгүй бол парламентын засаглалын аминд хүрч болох аюултай юм.

Нийслэлийн газрын наймаа, төрийн тендэр, Хөгжлийн банкнаас эхлэлтэй ЖДҮ зээл, нүүрс зэс гээд наймаанд төрийн өндөр албан тушаалтнууд оролцож, төлөөлөх ёстой иргэдийнхээ боломжийг хулгайлсан хэргүүдийг Засгийн газар ил болгож, тууштай тэмцсээр байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ, тусгаар тогтнол ардчиллын амин сүнс болсон хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг хамгаалж, иргэний төлөөлөх эрхийг жинхэнэ утгаар хамгаалсан, шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн үүрэг та бидэнд ногдож байна.

Нийгмийн манлайлал та биднээс, энэ танхимаас эхлэх учиртай. Ингэж чадахгүй бол хууль сахихыг төрийн албан хаагчдаас, иргэдээс бид яаж шаардах билээ.

Шинэ сэргэлтийн бодлогын төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд авлигын эсрэг эрхзүйн багц шинэчлэлийг эхлүүлж, Үндсэн хуулийн өөрчлөлт, Улстөрийн намын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон ашиг сонирхлыг зохицуулах, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг та бид хамтдаа энэхүү хаврын чуулганаар хэлэлцэн батлах болно.

Өнөөдөр энэхүү багц эрхзүйн шинэчлэлийн нэг болох Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д Засгийн газраас өргөн барьж байна.

Энэ хууль батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус тус хуульчлан хориглохоор дурьдлаа.

Энэхүү хуулийн төсөлд дурдагдсан албан тушаалтнуудаас гадна УИХ-д суудал бүхий улс төрийн намын дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч нар, Улсын ерөнхий прокурор, Төрийн албаны зөвлөл, Монголбанк, СЕХ, АТГ, ТЕГ, ЦЕГ, ГЕГ, ОБЕГ, Татварын ЕГ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, УБЕГ, НДЕГ, ХХҮЕГ, ИНЕГ, АМГТГ, Үндэсний геологийн газар, ЭМДЕГ зэрэг УИХ болон Засгийн газарт ажилладаг байгууллагуудын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд мөн адил үйлчлэх нь зүйтэй гэж үзсэн.

Энэ хууль батлагдсанаар улс төр бизнесийн эрх мэдэл зааглагдаж, төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх, цаашид ирээдүйн олон улс төрчдөд өнөөдрийн нөхцөл байдал давтагдахгүй байх дархлаа болно гэж үзэж байна.

ШУУД ҮЗЭХ:

Г.Занданшатар: Хууль зүйн үндэсний хүрээлэн УИХ-ын дэргэд ажиллана
Г.Занданшатар: Хууль зүйн үндэсний хүрээлэн УИХ-ын дэргэд ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.