/2023.05.04/: Хятадын Төмөр замын корпорацын мэдээлснээр, тавдугаар сарын 1-ний Хөдөлмөрийн баярыг тохиолдуулсан амралтын эхний өдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний бямба гарагт Хятадад төмөр замын зорчигч тээврийн хэмжээ дээд амжилт тогтоожээ.
Албан ёсны тоо баримтаар бямба гаригт Хятадад 12064 галт тэрэг хөдөлж, энэ өдөр 19 сая 660 мянган зорчигч төмөр замаар зорчсон байна.
Мөн урт баярын амралтаар Хятадын томоохон хотууд жуулчдын хөлд ихээхэн дарагдсаны нэг нь Шанхай хот байлаа. Тус хот амралтын өдрүүдээр нийт 15.6 сая гаруй дотоодын жуулчин хүлээн авчээ.
Баярын өдрүүдээр Шанхай хотын зочид буудлын ачаалал 2019 оныхоос 12 хувиар өсөж, аялал жуулчлалын орлого 2.7 тэрбум орчим ам. долларт хүрснийг орон нутгийн эрх баригчид мэдээлж байна.
Эх сурвалж: MNCCTV