/2023.5.4/ Хүүхэд ямар орчинд өсөхөөсөө үл хамаарч олон хэл сурах чадвартай бөгөөд сургуульд орохоосоо өмнө багадаа хоёр хэлээр ярьж сурах бүрэн боломжтой ажээ. Канадын Куэбэк хотод гэхэд ээж аав нь англиар, харин эмээ өвөө нь францаар ярьдаг гэр бүлд өссөн хүүхдүүд торох зүйлгүйгээр хоёр хэлийг хоёуланг нь сурдаг ажээ.
Гэр бүл нь төдийгүй амьдарч байгаа орчных нь хүүхдүүд өөр хэлээр ярьдаг бол хүүхдүүд мөн л төвөггүйхэн сурчихдаг гэнэ.
Зарим эцэг эхчүүд хүүхдүүд нь сургуульд орохоосоо өмнө хоёр ба түүнээс дээш хэлээр ярих нь хүүхдүүд хольж хутгах, эргэлзэх, эх хэлээ мартах муу талтай гэж боддог. Гэтэл үнэндээ тийм биш гэдгийг батлах олон судалгааг Канадын Макгил Их сургуулийн сэтгэл судлалын профессор Фрэд Жэнэси хийжээ.
ОЛОН ХЭЛ СУРАХЫН ДАВУУ ТАЛ
Нэгээс дээш хэлээр ярьж сурснаар хүүхдийн танин мэдэхүйн чадвар илүү хөгждөг байна. Асуудлыг шийдвэрлэх чадвар, илүү бүтээлч болох, улс орнуудаар аялах үеэр бусадтай өндөр түвшинд харилцах боломж, сайн сургууль сонгох, сайн мэргэжил эзэмших давуу талууд бий болдог ажээ.
Өөр нэгэн эх сурвалжид, хүүхдүүд олон хэлийг сонсож өсөх нь тэдний тархи илүү сайн хөгжих үндэс гэжээ. Хүүхэд төрөхөөсөө л ямар ч хэлийг сурах чадвартай бөгөөд харин төрснийхөө дараа гэр бүлийнхээ ярьж байгаа хэл дээр төвлөрч, түүнийг сурдаг байна. Дээр өгүүлсэнчлэн, гэр бүлийнхэн нь олон хэлээр ярьдаг бол хүүхэд эргэлзэх зүйлгүйгээр бүгдийг нь сурах бүрэн чадвартай байдаг ажээ.
Тиймээс хүүхдүүдийг аль болох өөр өөр хэлэнд сургахын тулд багаас нь өөр хэл дээр ном уншиж сургах, дуу хөгжим сонсгохоос эхлэх нь зүйтэй гэж эрдэмтэд үзсэн байна.
ХОЁР ХЭЛИЙГ НЭГ ДОР ҮЗВЭЛ ХҮҮХЭД ТӨӨРӨЛДӨХ ҮҮ?
Хоёр хэлийг зэрэг сурснаар хүүхэд төөрөлддөг гэх судалгааны үр дүн хаа ч байхгүй. Хүүхдүүд сурч байгаа хоёр хэлээ хольж хутгаж ярьж болох ч, асуудалгүйгээр хоёуланг нь зэрэг сурч чаддагийг судалгаагаар нотолжээ.
Тиймээс хүүхдэдээ аль болох нэгээс дээш хэл сургах нь бүх талын ашигтай гэдгийг Канадын Макгил Их сургуулийн сэтгэл судлалын профессор Фрэд Жэнэси зөвлөж байна.
Эх сурвалж: TheChildren.com, First5California.com