Сумдад гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой тулгамдсан асуудал их байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сумдад гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой тулгамдсан асуудал их байна

/2023.05.02/: “Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг, сургалтыг Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой хамтран зохион байгууллаа.

Өнгөрөгч бямба гариг /2023-04-29/-т болсон уг хэлэлцүүлэгт 21 аймгийн 331 сумын ЭМТ-ийн төлөөлөл 290 шахам хүн оролцсон.

Хэлэлцүүлэг сургалтад оролцогчдод

  • ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний бодлогын төлөвлөлт, хэрэгжилт, цаашдын чиг хандлага”,
  • Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг “Гүйцэтгэлийн санхүүжилтийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”,
  • Санхүү, эдийн засгийн газрын дарга Л.Лувсан “Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын бодлого, 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт” сэдвээр илтгэл тавьсан.




Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сумдын ЭМТ-ийн эмч нарт эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажил, авсан арга хэмжээ, бодлого шийдвэрийн хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв. Тэрбээр анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагынхны ажиллах нөхцөл, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсож, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой гарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг ярилцах нь энэ уулзалтын зорилго гэдгийг онцолсон.



С.Чинзориг сайд “Үндсэн хуулиар иргэн бүр эрүүл мэндээ хамгаалах журамт үүрэгтэй. Гэтэл энэ тухай бидний хэн ч ярьдаггүй. Эрүүл мэндийн салбарынхан, судлаач эрдэмтэдтэй уулзахаар аливаа хүний эрүүл байх асуудлын 12-15 хувь л эмнэлгийн тусламж үйлчилгээнээс хамаардаг гэдэг. Бусад нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалж байгаа учраас иргэн хүний Үндсэн хуулиар хүлээсэн эрүүл мэндээ хамгаалах журамт үүргийг нь ойлгуулах, эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зорилгоор үндэсний хэмжээний стратеги хөтөлбөртэй болохоор ажиллаж байна” хэмээсэн.

Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд нэлээд зүйлийг хийж байгаагаа мөн танилцуулсан. Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд санхүүгийн зөв менежменттэй ажилласнаар тодорхой хуримтлал үүсгэж чадсан бол түүнийгээ захиран зарцуулах эрхтэй байх талаар олонтаа ярьдаг, санал гаргадаг ч Төсвийн тухай хуулиар энэ нь боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, одоогийн Төсвийн тухай хуулиар сум, тосгоны эрүүл мэндийн байгууллага санхүүгийн үлдэгдэлтэй гарсан бол төсөвт буцааж татдаг. Энэ асуудлыг шийдэх зорилгоор тодорхой алхам хийж буйгаа Эрүүл мэндийн сайд онцолсон. Тэрбээр гүйцэтгэлийн санхүүжилтийн арга буюу чанар үр дүнд суурилсан санхүүжилтийн үр дүнд үлдэгдэлтэй гарсан бол түүнийгээ тухайн байгууллага өөрөө захиран зарцуулдаг байх эрхийг нээж өгөх тухай Сангийн сайдтай ярилцаж ойлголцсон бөгөөд удахгүй Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж энэ асуудлыг шийдэх боломж бүрдэнэ гэсэн юм.

Сумдын эмнэлгийнхний тулгамдсан асуудлуудыг сонсоод өнгөрөх биш. Нэг бүрчлэн авч үзэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, бодитой ажил хэрэг болгохын төлөө ажиллах болно гэдгээ С.Чинзориг сайд хэлсэн.

Эх сурвалж: ЭМЯ

С.Мойлтмааг зэвсэгт мөргөлдөөнтэй Суданаас аюулгүй авчиржээ
С.Мойлтмааг зэвсэгт мөргөлдөөнтэй Суданаас аюулгүй авчиржээ
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.