/2023.11.21/: “Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулганы хоёр дахь өдрийн хуралдааныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нар нээж үг хэллээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хурлыг нээж хэлсэн үгэндээ
“Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны жилийн дундас агаарын температур 2.2 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж өөрчлөлттэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Сүүлийн 45 жилд хүйтэн өдрийн тоо дунджаар 15 хоногоор буурч, халуун өдрийн тоо 24 хоногоор нэмэгдээд байна. Монгол Улсын Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь ард иргэдийнхээ аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, гамшигт тэсвэртэй, эрсдэл даах чадвартай иргэний нийгмийг цогцлоох явдал” хэмээн онцоллоо.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян танилцуулсан илтгэлдээ
“Бид эрсдэлийн төлөв байдал, хандлагад тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг олон талуудын оролцоотойгоор улс, орон нутгийн хэмжээнд системийн түвшинд гүйцэтгэх ажлыг хурдасгах нь чухал юм. Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжил, техник технологийн хувьсал нь бидний өнөөдрийн ажлын хурд, бэлэн байдлын чадавхаас илүү хурдан байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж үзэж байна. Стандартыг мөрдөн багасгах боломжтой эрсдэлийг багасгах, зарим эрсдэлээс зайлхийх, хуваалцах, шилжүүлэх, цаашлаад бууруулж, урьдчилан сэргийлэх боломжгүй эрсдэлд бэлэн байх шаардлагатай байна” гэлээ.