
Мпресс.мн сайтаас эрхлэн гаргаж буй “Шийдвэр гаргагч” булангийн эхний зочноор УИХ-ын гишүүн Л.Гантөмөр уригдлаа.
Ярилцлагыг хүргэе.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХАРЬЦАНГҮЙ БҮЛЭГЛЭЛИЙН ТӨЛӨӨ ХӨДӨЛДӨГГҮЙ ХҮН
- Монгол Улсын улс төрийн хамгийн том асуудал юу вэ. Та юу гэж харж байна? ЗГ-ын тогтворгүй байдал уу. МАН-ын дотоод зөрчил үү, эсвэл намуудын эрх мэдлийн тэмцэл үү?
Улс төрийн асуудал гэвэл эхлээд монголчууд хаана хүрэх гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Ерөөсөө тэр л байгаа юм. Ямар үр дүнд хүрэх гэж байгаа юм. Энэ улс орон хаана хүрэх гэж байгаа юм, юу хийж чаддаг болох гэж байгаа юм. Ард түмний амьдрал ямар байх. Ерөөсөө л бүх юм тодорхой байвал тэрэн дээрээ тэр хуваагдал, мэтгэлцээн нь явах учиртай. Нэг үгээр хэлбэл, бид чинь 2050 төлөвлөгөөг баталсан. Тэгтэл энэ нь зүгээр л нэг өнөөдөр тоо болчхоод байна. Яг юу хийж чаддаг болох вэ гэдгийг их тодорхой хармаар байгаа юм. Жишээлбэл, бид төмрөө үйлдвэрлэж чаддаг болох уу. Дизелиэ үйлдвэрлэж чаддаг болох уу. Бид орчин үеийн аж үйлдвэрлэл Монголд бий болгох уу, болохгүй юу. Утаа, түгжрэлээ хэзээ, хэрхэн шийдэх вэ. Гол асуудлаа шийдэхгүй болохоор нүдэнд харагдаж байгаа зүйл нь хоосон хэрүүл, хийрхэл, хулгай, авлигал байна. Тэгэхээр улс төрийн том асуудал Монголд юу байгаа юм бэ гэвэл нэгдүгээрт зорилго нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт тодорхойгүй зорилго дээр эрх мэдэлд хүрсэн хүмүүс дураараа тоглож байна.
- Таны хувьд хамтарсан Засгийн газарт орсон нь улс төрийн хамгийн зөв шийдвэр байсан гэж бодож байна уу?
Мэдээж хамтарсан Засгийн газар “Улсын эрх ашиг нэгт” гэж тодорхой зорилго тавьсан. Маш тодорхой зорилго. Тэр юу вэ гэвэл нэгт, нэг хүнд оногдож байгаа ДНБ-г 10 мянган ам.долларт хүргэе. Энэ нь улс орныг цэгцтэй болгож өгнө. Хоёрт, эрчим хүчний хараат бус байдлыг бүрэн арилгах. Хараат бус байдал руу шилжье. Хараат байгаад байна шүү дээ. Оросоос бид эрчим хүчээ авдаг байсан. Харин одоо Хятадаас авч байна. Ингээд эрчим хүчний доголдлыг 4 жилийн хугацаанд нэг мөсөн шийднэ. Гуравт, эдийн засгийн эрх чөлөөг тодорхой хэмжээнд бий болгоно. Нэг үгээр хэлбэл, зах зээлийн эдийн засгийг маш тодорхой, эргэлт буцалтгүй болчихлоо гэдэг дохиог хаа хаанаа өгч байж тэр нь өөрөө эдийн засагт тодорхой үр дүн гаргана. Энэ хамтрал бол хөгжлийн төлөөх л хамтрал байсан. Тийм учраас би энэ шийдвэрт эргэлзээгүй. Үр дүн захаасаа гарч байна. Улаанбаатарын урдуур явсан төмөр зам ашиглалтад орчихлоо. Хил холболтын ажил хийгдэж байна. Ингээд үр дүнгүүд мэдээж тодорхой хэмжээнд гараад явж байгаа. Харамсалтай нь хамтарсан засгаа унагаж аваад ар дээр нь зорилгогүй болчихсон. Зорилгогүй болохоор ингээд бужигнаан, үймээн, талцал, хуваагдал, авлигал нүүрлэж байна.
Мөн наад захын Улаанбаатарын түгжрэл, Утаа хоёрыг шийдэх зорилго нь маш хүчтэй унтарч байна шүү дээ. Түгжрэлийг алга болгоё гэж мөнгө шийдэж байсан. Гэтэл тэр мөнгөө татаад авчихлаа 750 тэрбум төгрөг. Тэгэхээр түгжрэл хэвээрээ байх юм байна. Утааны асуудлыг бүрэн шийдэх боломж байсан. Өнөөдөр ямар ч шийдэл гаргаагүй. Ингээд сууж байна. Жишээ нь түлшээ гадаадаас буюу Хятадаас худалдаж аваад сууж байна шүү дээ. Ингээд үр дүнгээ үзэж чадаагүй парламент бол харамсалтай л байгаа юм.
- Хамтарсан засаг унахад ер нь МАН-ын дотоод зөрчил нөлөөлсөн гэж бодож байгаа юу?
Тийм. Ардын намын дотоод зөрчил ойлгомжтой шүү дээ.
- Ерөнхий сайд Н.Учралд МАН-ын дэмжлэг хэр байгаа бол? Таны харж байгаагаар?
Нам нь хуваагдсан. Харин ард нь Ерөнхийлөгчийн дэмжлэг байна. Их тодорхой харагдаж байгаа. Хуваагдсан намтай, Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй гэхдээ энэ нь ямар хугацаанд үргэлжлэх юм. Хамгийн гол нь хаана хүрэх гээд байгаа вэ гэдгээ их тодорхой хэлэх ёстой. Тэгж байж нөгөө дэмжлэг үнэн худал нь ялгагдана. Хаана хүрэх нь тодорхойгүй бол түр зуурын найз нөхөд, ах дүү, аав хүүгийн дэмжлэг гэдэг чинь хязгаартай.
Та намын даргын албан тушаалаа өгсөн шүү дээ. Яагаад өгсөн бэ? Улс төрийн хариуцлага байсан уу эсвэл улс төрийн тактикт шийдвэр байсан уу?
Ер нь бол сонгуульд намаа авч орно гэдэг чинь их том хариуцлага шүү дээ. Ялагдсан бол өгөх ёстой. Ялагдсан бол дараа нь улс орны төлөө хувийн эрх ашгаа хурдан өгөөд салах хэрэгтэй шүү дээ. Иймээс хувийн эрх ашиг биш улсын эрх ашиг чухал юм байна. Тиймээс намаа цэгцлэнгээ төрийн ажлыг явуулах хэрэгтэй. АН бас төр барьдаг нам шүү гэдгийг ард түмэнд дахин нэг сануулах шаардлага үүссэн.
Тийм учраас сонгуулийн дараа үргэлжлүүлээд ажиллаж байсан. Гэтэл хамтарсан засаг дуусчихаар АН төрд ажиллаад үр дүн гаргана гэдэг зорилт алга болсон. Тиймээс надад намын дарга хийх ямар ч шалтгаан байхгүй. Би сайн дураараа л суудлаа өгсөн.
- Л.Оюун-Эрдэнийн ЗГ яагаад өөрийн намын дэмжлэгээ алдсан бэ? Ер нь Херотой холбоотой муу пи ар байсан гэдэг.
Эдний нам хуваагдсан тодорхой зөрчил байгаа шүү дээ. Л.Оюун-Эрдэнийн дээд үеийнхний том бүлэглэл байна. Тэр бүлэглэл Л.Оюун-Эрдэнээр тодорхой асуудлуудыг шийдүүлэх сонирхол байсан байх. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ харьцангуй бүлэглэлийн төлөө хөдөлдөггүй хүн. Тэр бүлэглэлүүдийн захиалга байсан нь ойлгомжтой.
- Та Намын даргын ажлаа өгөөд харамссан уу?
Үгүй ээ, үгүй. Хамтарсан засаг унасанд бол би харамссан. Үр дүн гаргах ёстой байсан. Үр дүн гаргахын тулд нэг хүн зүтгээд, нэг юмны ард гарах ёстой. Тэр зүтгээд ард нь гарах ажил нь надаас үл хамаараад нурж байгааг харах сайхан зүйл мэдээж биш.
- Н.Учралын ЗГ үнэхээр ажиллах чадваргүй болсон уу, эсвэл МАН доторх улс төрийн зөрчил ЗГ-ын үйл ажиллагааг гацааж байна уу?
Гол нь Н.Учралын ЗГ яг хаана хүрэх вэ. Одоо юу хийх вэ. Жишээлбэл, өнөөдөр бодитой зүйл бол үнийн өсөлт, үнийн өсөлтийг зогсоох төлөвлөгөө байхгүй. Энэ нь жоохон харамсалтай байна. Надад бол хүн солиод байх сонирхол алга. Гэхдээ үнийн өсөлтийг зогсоох төлөвлөгөө байхгүй. Шатахуун хангамжийн асуудлыг шийдэх төлөвлөгөө байхгүй. Зунжингаа оочерлолоо, намаржингаа оочерлолоо. Улс орнууд асуудлаа шийдээд байна. Манайх шийдэж чадахгүй. Ингээд шийдэлгүй урсгалаараа явж байгаа нь өөрөө их аюултай. Энэ нь өөрөө итгэл алга болчхож байгаа гэсэн үг. Шийдэж байвал болж байна аа. Тэртээ тэргүй Ардын нам ялчихсан нам. Л.Оюун-Эрдэнийн ялалтыг Н.Учрал авчихлаа. Хүний юмыг авсан бол үр дүн гаргах хэрэгтэй.
- Муу ажиллаж байна гэсэн үг үү?
2024 оны сонгуульд ард түмэнд юу амласан, тэрийгээ мартаж болохгүй. Энэ амласан амлалтад хүрэхийн тулд одоо бий болоод байгаа, нийгэмд хамгийн их бухимдал үүсгэж байгаа асуудал утаа, түгжрэл дээр нэмээд шатахуун, үнийн өсөлт. Үнийн дарамт. Чамд ч гэсэн тэр мэдрэгдэж байгаа, бүх хүнд мэдрэгдэж байгаа. Энэ үнийн өсөлтийг цаашаагаа хадгалах бодлого хийгээд байна. Хийж байгаа бодлого нь үнийн өсөлтийг зогсоох, хасах биш хадгалах, нэмэх. Гэтэл энэ тодорхой зүйл дээр хариулт өгөхгүй байгаад итгэл алдарч байна л даа.
Ажил хийхгүй байна гэж хараад байна. Их тодорхой зүйлийг санаачлаад, тодорхой үр дүн гаргахыг л улс төр гэж байгаа юм. Түүнээс улс төр гэдэг нь гоёх, гайхуулах, эсвэл мэтгэлцээд суугаад байх зүйл биш шүү дээ. Эрх барина гэдэг чинь ямар хариуцлага ирж байгаа вэ гэвэл ямар асуудал байна тэрийг шийдэх. Шийдэл гаргах ёстой.
Асуудал уг нь ойлгомжтой байгаа шүү дээ. Утаа, түгжрэл, авилгал хээл хахууль. Мөн үнийн өсөлт, шатахууны хомсдол гэсэн хоёр асуудал нэмээд үүсчихсэн. Эдгээр таван асуудлыг богино хугацаанд үр дүн гаргахгүй бол цаашаа зураг харагдахгүй.
Бид 10 жил засаглахдаа яг үүн дээр ямар ч үр дүн гаргаагүй, ямар ч бодлого хийгээгүй. Гэхдээ баялагийн асуудал дээр ард түмэнд хэрэгтэй менежмент хийнэ гэж зүтгээд өнөөдрийг хүрсэн. Мэдээж хийх хэцүү. Гэхдээ хийхийн төлөө явж байсан харин одоо тэндээсээ ухарч байна шүү дээ. Бүтэн ухралт хийж байгаа. Тиймээс л дэмжихэд хэцүү байна. Би Их хурлын гишүүний хувьд зөв зүйл хийж байгаа үед хэнийг ч дэмжихэд бэлэн. Харамсалтай нь зөв зүйл алга байна.
Миний хэлсэн эдгээр таван асуудлыг хэрхэн шийдэх вэ, хэзээ шийдэх вэ. үүнийг өнөө маргаашдаа шийдэх учиртай. Түүнээс биш улс орны цоо шинэ эдийн засаг бүтээх бодлого нэхвэл өнөөдрийн юмаа шийдэж чадаагүй байгаа улс тэр бодлогод хариулж чадахгүй.
ЭВ НЭГДЭЛ БИЙ БОЛГОЛОО ГЭЖ ГАДАГШАА ЯРЬСАН БОЛОХООС БИШ ЯГ ДОТРОО НӨГӨӨ БУГШСАН ЗҮЙЛ НЬ ХЭВЭЭРЭЭ
- МАН энэ байдлаараа байсаар байвал хэцүү. Харин 2028 оны сонгуульд АН ялж чадах болов уу?
Ардчилсан намаас өөрөөс нь шалтгаална. АН-ыг удирдаж байгаа хүмүүс маш тодорхой байна. О.Цогтгэрэл, С.Баярцогт, Амгаланбаатар, Түвшин, Галбадрал. Мөн хотын дарга Ган-Очир гэж ийм зургаан хүн удирдаж байна. Энэ зургаагаас л шалтгаална. Энэ зургаа АН-аа улс орноо хэрхэн өөрчлөхийг хүсэж байгаа вэ гэдэг тэр хүсэл. Тэр өөрчлөх төлөвлөгөө. Тэр төлөвлөгөө нь ард түмнээр зөвшөөрүүлэх эсэх гэх мэт зөндөө ажил бий. Бас нөгөө талдаа сонгуулийг шударга явуулж чадах уу. Энэ хүмүүс. Шударга явуулах шахалтыг эрх баригч нарт үзүүлж чадах уу.
- Таныг 2024 онд Л.Оюун-Эрдэнэтэй сонгуулийн үр дүнг тохиролцсон байсан, Засагт орох нь тодорхой байсан гэж ярьдаг энэ үнэн үү?
Сонгуулийн кампанит ажил дээр тохирох ямар ч боломжгүй. Б.Баатар над руу ямар их дайрч байсныг та нар мэдэж байгаа. Манай намынханд хэдэн тэрбумаар нь мөнгө өгч над руу дайруулж байсныг бүгдээрээ мэдэж байгаа. Ямар кино хийж зурагтаар гаргаж байсныг бүгдээрээ мэдэж байгаа. Энд тохиролцох боломжгүй.
АН-аас нэр дэвшихийг хүссэн хүмүүс дотор хамгийн боломжтойг нь л тавьсан. Тухайн үед сонгууль тулчихсан, бэлтгэл байхгүй, байр орон ч байхгүй, зохион байгуулалт байхгүй, дэмжигч байхгүй байсан. Тархай, бутархай байдлыг арай гэж шийдэх гэж оролдоод сонгууль руу орсон боловч шийдэж бас л чадаагүй. Дотоод зөрчил хэвээрээ. Ингээд би шийдэх гэж байна аа. Шийдэж байгаа шүү. Эв нэгдэл бий болголоо л гэж гадагшаа ярьсан болохоос биш яг дотроо нөгөө бугшсан зүйл нь хэвээрээ. Ийм дутагдлууд байгаа манай намд. Гэхдээ бид сонгуульд орсон. Тэр бол хүч тэнцвэргүй, ямар ч хүчгүй тулаан байсан. Тэр үед 10:60-ын харьцаатай сонгуульд орсон. Харин одоо харьцангуй 40:60. Ингэж л ойртуулж авч ирсэн.
Өнөөдөр би 2024 оны сонгуулийн үр дүнгээ харахад 42 суудалтай бүлэг бол Улсын Их хурал дотор хамгийн том л бүлэг байгаа. Ардын нам 30, 38-аараа хуваагдчихсан энэ үед 42 гэдэг тоо бол маш их жин дарна. Миний хувьд энэ бол ялалт байсан.
- О.Цогтгэрэл АН-аа хангалттай авч явж чадаж байна уу. Цаашдаа О.Цогтгэрэл удирдсан чигээрээ ирээд 28 оны сонгуульд орох юм бол амжилт үзүүлж чадах болов уу.
Хувь хүний асуудал биш л дээ. Би түрүүн нэрлэсэн зургаан хүн байна шүү дээ. Энэ зургаан хүн хэр зэрэг удирдах вэ гэдгээс бүх юм шалтгаална.
- Ардчилсан нам дотор О.Цогтгэрэл даргыг огцруулъя гэж яриад байх шиг байна. Сонгуулиас өмнө огцруулах нь зөв юм уу?
Түрүүн хэлсэн нөгөө таван хүн О.Цогтгэрэлээр ганцаарангаар нь шийдвэр гаргуулахгүй байх. Яг багаараа байж чадвал ялна, эсвэл ялагдана, арчигдана. Түүнээс нөгөө тав О.Цогтгэрэлдээ ялалт авахад бултана гэж байхгүй. Тийм учраас улс төр багийн тоглоом. Удирдлагын бүрэлдэхүүнээ АН-ынхан маань сонгочихсон. Бид сонгочихсон. Энэ хүмүүс сайн л ажиллах хэрэгтэй. Сайн ажиллавал бид, би дэмжихэд бэлэн байна. Яалт ч үгүй Монгол Улсад ардчилал дахин нэг ялахаас өөрөөр ирээдүй маш бүрхэг байна. Хэрвээ энэ янзаараа цаашаа явбал муугаар бодвол маш их муухай зүйлс ирээдүйд харагдах боломжтой. АН үүн дээр нэг ялалт байгуулаад, явж байгаа урсгалыг бага зэрэг өөрчлөөд асуудлаа шийдэж чаддаг төртэй болох. Ирээдүйгээ хардаг төртэй болж, ирээдүй рүүгээ харахаас гадна алхдаг болох хэрэгтэй. Монголын улс төрөөс гурван зүйл яалт ч үгүй нэхэгдэнэ.
Баавгайгаа яаж ярьж байгааг харж байгаа биздээ. Унтуулах буу байхгүй. Хэрэгсэл байхгүй. Нэг бол буудаж ална эсвэл олсоор хүлнэ гэдэг сонголт дээрээ явж байна. Энэ бол өрөвдмөөр байхгүй юу. Бензинд гурав, дөрвөн цаг оочерлоно. Их олон зүйл байна. Ерөөсөө л чадамжгүй болчхоод байна. Чадамжийг буцааж Монголын төрд авчрахын тулд ардчиллынхан маань жоохон ухаантай байвал ялна даа.
Ц.Ганзориг сэтгүүлч хүн. Гэтэл өөрөө өргөдлөө өгч нэг сэтгүүлчээ шоронд хийнэ гэдэг бол Ц.Ганзоригийн хувьд маш том алдаа.
- Ерөнхийлөгчийг шантаажилсан гэх Сэтгүүлч Т.Шинэбаяр саяхан хоригдсон. Та үүнийг юу гэж харж байна вэ, Ерөнхийлөгчийн дарлал мэт харагдаж байна уу?
Ц.Ганзориг сэтгүүлч хүн. Гэтэл өөрөө өргөдлөө өгч нэг сэтгүүлчээ шоронд хийнэ гэдэг бол Ц.Ганзоригийн хувьд маш том алдаа. Ц.Ганзориг яаралтай тэр өгсөн өргөдлөө татаж аваад Шинээг суллах хэрэгтэй.
Ганзориг чинь залуу хүн. Ард нь Ерөнхийлөгч байна уу, байхгүй байна уу гэдгээс үл хамаараад үйлдэл хийж байгаа хүмүүс маш хортой байна. Ц.Ганзориг “би тийм юм хийхгүй ээ” гэж хэлэхэд Ерөнхийлөгч яах юм, чамайг ална шүү, хядна шүү гэж чадахгүй нь тодорхой. Магадгүй хүмүүст Ерөнхийлөгч шахаад байна гэж ярьж байгаа байх. Гэхдээ яг үйлдэл хийж байгаа хүн нь өөрөө хариуцлага хүлээнэ. Энэ хүн магадгүй ирээдүйн Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна. Ц.Ганзориг цаашдаа улс төрд байх л байлгүй. Телевизийн салбарт байх л байлгүй. Өөрийнхөө ирээдүйд үг хэлэх амаа одоо өөрийнхөө гараар боож болохгүй. Хүн туг ч барина, тугал ч хариулна. Эр хүний амьдралд юу ч тохиолдоно. Ямар ч зүйл тохиолдоход үгээ хэлэх чадалтай үлдэнэ. Би гэдэг чинь хүн биз дээ. Ц.Ганзориг үгээ хэлэх чадахгүй бол дагаад Монголын мянга мянган залуучууд үгээ хэлэх чадалгүй болно. Т.Шинэбаяр үгээ хэлж чадахаа болихоор дагаад мянга мянган сэтгүүлчид үгээ хэлж чадахгүй. Ийм л юм болж байна. З.Энхболд даргын пост байна лээ. Хэрвээ үнэхээр тэр хөрөнгүүд У.Хүрэлсүхийнх биш юм бол Б.Баатарыг хорьдог нь ямар учиртай юм бэ гэж.
Гүтгэхээр шоронд хийдэг эсвэл гүтгэсэн гэдэг зүйл ангиар шоронд хийж болдог юм бол намайг гүтгэсэн олон хүнийг яах юм. Намайг гүтгээд л байгаа. Тэгвэл яах юм. Бас бүгдийг нь шоронд хийх юм уу. Үгүй шүү дээ. Би цагдаад нэг хүн намайг гүтгэлээ гэвэл тэр хүнийг лав хорихгүй. Ц.Ганзоригийг өгөхөөр хорьчхож байгаа юм. АН-ын дарга О.Цогтгэрэл гүтгэгдээд О.Цогтгэрэл цагдаад өргөдөл өгөхөд гүтгэсэн хүнийг хорихгүй шүү дээ. Энэ нь хуулийн биш хүний дарангуйлал тогтсон гэдгийг нотолчихсон. Монголчууд бүгд ойлгосон.
Дарангуйлал хэдийнээ тогтчихсон. Харин энийг АН-ынхан маань яаж цог золбоотой сөрж чадах вэ гэдэг асуудал байна.
Ийм үлбэгэр ажлаа хийж чадахгүй, сул дорой байвал бид хамгаалах шалтгаан юу байна
- Боловсролын салбар сурах бичиггүй байна. Та Боловсролын сайдаар ажиллаж байсан хүний хувьд ер нь энэ салбарын асуудал юу вэ, Одоо ажиллаж байгаа сайдын ажлыг юу гэж дүгнэж байна?
Л.Энх-Амгалан яг юу хийхээ мэддэггүй л хүн байна лээ. Мэдэхгүй учраас уймраад, уймраа болчихсон. Тоглоомгүй. Нэг талдаа уймраа нөгөө талдаа юу хийхээ мэдэхгүй. Энэ хооронд төөрөөд, Засгийн газраа үймүүлсэн. Үймүүлэлтээсээ гарахын тулд маниусыгаа гүтгэж байгаа юм. Энэ нь боловсролын салбарын байгаа дүр төрхийг л хэлж байна. Цаашдаа одоо байгаа эрх баригчдын үед боловсролын салбар аятайхан болно гэсэн хүлээлт алга. Илжигний чих рүү ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг л юм болоод байна.
Хэлж байгаа үг авахгүй, хүмүүсийн бодлыг сонсохгүй. Өөрсдийнхөө дуулсан дуунд өөрснөө уяраад бид их юм хийж байна гэж худлаа яриад, наад зах нь сурах бичиг хэвлэж чадахгүй. Сурах бичиг наад захын юм байгаа биз дээ. Тэр наад захын юмаа цаг хугацаандаа хийж чаддаггүй. Тэр эртний зүйл чинь яагаад одоог хүртэл засардаггүй юм бэ. Магадгүй арав, хорин жилийн өмнө ийм байсан байж болно. Гэтэл өнөөдөр улс хөгжиж байгаа, мөнгөтэй болж байна гэж яриад л байгаа. Эсрэг талд нь яг нөгөө хуучин зүйлс нь хэвээрээ. Хөгжсөн гэж яриад л байна яг юу өөрчлөгдсөн юм бэ. Юу өөрчлөгдсөн бэ? гэдэг асуултад хариулж чадахгүй.
Алсын хараа гэж байдаг даа. Тэр алсын хараагаа олоод харчихдаг, тэр байгаа онох ёстой. Тэр үр дүндээ хүрэх учиртай. Харамсалтай нь алга байна. Боловсрол тойроод цөөхөн л асуудал байдаг. Эхнийх нь боловсролын хөтөлбөрийн асуудал. Хөтөлбөр өөрөө зорилготой. Боловсролын зорилго хаана ямар хүн бэлдэх гэдэгт байдаг. Энэ улс ямар хүнийг ирээдүйд хүсэж байгаа юм. Монгол Улсын дүр зураг юу байх юм. Тэр дүр зурагт хүрэх хүнээ бэлддэг. Ирж байгаа цаг үеийг даван туулдаг, хүнээ бэлддэг ийм хөтөлбөр байх ёстой. Дараагийнх нь мэдээж агуулга. Дэлхийн хамгийн өндөр түвшний агуулгыг авч чаддаг чадамжийн асуудал. Дараа нь үнэлгээний асуудал байна. Яаж үнэлэх юм? Хүүхэд ээ цээжлүүлж үнэлэх юм уу, бодуулж үнэлэх юм уу, сэтгүүлч үнэлэх юм уу, ямар нэгэн зүйлийг бүтээдэг байдлыг нь үнэлэх юм уу. Үнэлгээний аргачлал хэнийг мундаг, амжилт үзүүлж сурлаа гэж ойлгох юм бэ? Тэгвэл тэр үнэлгээнийхээ системийг зөв болгох ажлаа хийх хэрэгтэй. Мөн мэдээж үнэлгээндээ, хөтөлбөртөө, зорилтдоо тааруулаад арга зүйн асуудал яригдана. Багшийн чадамжийн асуудал яригдана. Ийм л их цөөхөн бүтэцтэй.
Хуурамч диплом авдаг хүмүүс гарч ирээд байхаар боловсролд итгэх итгэл унаж байна. Бидний дараа үе, шинэ үеийнхэн яаж ийгээд нэг дипломтой л болчихвол болоо биз дээ гэж боддог болчихсон. Бид хийж байгаа гэж яриад л байна. Гэтэл ямар нэгэн тодорхой шийдэл, тодорхой үр дүнд хүрэх цаг хугацаа яригдахгүй байна шүү дээ. Боловсрол ярихаар хэдэн сургуулийн байшин ярьдаг. Ерөнхий сайддаа өчнөөн тэрбум төгрөг өгөхөөр төлөвлөчихсөн байж байдаг. Ичмээр байгаа байхгүй юу. Тэр чинь болохгүй шүү дээ.
Яаж ч сэтгэсэн Эдийн засгийн сайд 30 хэдэн их наяд байсныг 43 их наяд болгож төсвийн зардлыг нэмэх сэтгэл зүй байхгүй
- Тийм ээ. Төсвийн төлөвлөгөөнд оруулсан байсан гэж их л шуугилаа.
Тэр яг л яаман дээрээ хийсэн төлөвлөгөө байгаа шүү дээ. Тэр төлөвлөгөөг нь Их хурлын гишүүд олж хараад асуухаар гишүүдийгээ нуруу руу хутга шаалаа гэж байгаа биз дээ. Хийчихсэн зүйлийг шүүмжилсэн хүнийг хутга шаана гэж ойлгодог биз. Уг нь бол. Гэтэл Их хуралтайгаа нийлээд л тэрийг нуух ёстой байсан юм байна л даа. Тийм дураараа юм байхгүй шүү дээ /инээв/.

- 1996-2000 оны үеийн Ардчилсан холбоо эвсэл ЗГ-ыг гурван удаа унагаж байсан юм байна лээ. Харин өнөөдөр ЗГ хоёр ч удаа уначихсан шүү дээ. Тэгвэл одоо гурав дахиа унагах боломжтой юу?
Ийм үлбэгэр ажлаа хийж чадахгүй, сул дорой байвал бид хамгаалах шалтгаан юу байна. Ажил хийхгүй цаг алдана. Бензинд оочерлуулна. Үнийг улам хөөрөгдөнө. Түгжрэл улам нэмэгдэнэ. Утаа улам нэмэгдэнэ. Шалтгаан байна уу. Хамгаалах нэг ч гэсэн шалтгаан хэлбэл хамгаалж болж байна. Ийм байна аа. Та нар хамгаал аа. Бид ингэмээр байна аа. Тэгвэл ажлаа хий. Түүнээс хүний мууг үзэх гээд байгаа хэрэг биш шүү дээ.
1996-аас 2000 онд Ардчилсан холбоо эвслийн мууг үзэх гэж Ардын нам хуучны МАХН-даа ярьдаг байсан. Тэр их олон жил явчихсан. Улс төрийн хүчний тийм муухай, харалган улс төржилт. Тэрнийхээ хүчинд өнөөдөр их олон ялалт авсан байх л даа. Гэхдээ улс төрд явж байгаа хүмүүст чинь нэг үр дүн гэж байх ёстой биз дээ. Бид энэ Монголоос алга болохгүй. Бид энэ Монголдоо магтуулаад л, яллуулаад л амьдарна шүү дээ.
Би ингэж яваад хаана хүрэх вэ гэдэг тэр очих цэгээ л олж харах нь чухал л юм шиг надад санагдаад байгаа юм. Ажил хийж чадахгүй, үр дүн гаргахгүй бол хүнээр огцруулж болохгүй. Би ёстой барахгүй юм байна. Бид нар барахгүй юм байна. Больё оо, чаддаг хүнээр нь хийлгэ ээ гэж хэлээд ажлаа өгч болно. Ардын нам дотор ажил хийж чадах хүн зөндөө л байгаа байлгүй дээ. Ард түмэн нь саналаа өгөөд гаргаад ирсэн юм чинь.
- Засгийн газар унаад, дахин байгуулагдах ийм цикл Монголын эдийн засагт нөлөөлж байгаа юу?
Сайд солигдох хортой гэж бодохгүй байна. Харин МАН сайдаа дагасан их том том групптэй болсон юм байна. С.Бямбацогт өөрийгөө тойрон хүрээлдэг нэг багтай. Н.Учрал өөрийгөө тойрон хүрээлдэг нэг багтай. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө тойрон хүрээлдэг багтай, С.Амарсайхан өөрийгөө тойрон хүрээлдэг багтай гэх мэтчилэн бараг бүх сайд нар нь шүү. Гэтэл яадаг вэ гэвэл яаманд очихоороо нөгөө хүмүүсээ аваад очдог. Ингээд Зам тээврийн сайд батлан хамгаалах руу очиход тэр баг дагаад л явдаг. Хот байгуулалтын яаманд байсан хүмүүс зам тээвэр рүү дагаад очдог. Нэг ийм өөрийн сүрэгтэй болчхож. Засгийн газрын хэрэг эрхлэх газарт байсан Н.Учрал багаа Эдийн засгийн яам руу авч явсан байгаа юм. Ингэхээр Эдийн засгийн яам эвдэрч байгаа байхгүй юу. МАН-ын дарга нар багаасаа салах хэрэгтэй л дээ. Сөрөг хүмүүс цуглуулчхаад тэрүүгээрээ тухайн салбарын бодлогыг самраад, тогтворгүй байдлыг бий болгож байгаа юм. Сайд солих асуудал биш. Сайд болж байгаа хүмүүс эхлээд улс төрч болох ёстой. Улс төрийн хүний биш араншин гаргаж байна. Төрийн хүн гэдэг чинь төрөө хүндлэх хэрэгтэй. Төрийн хүн болоогүй, төрдөө итгэдэггүй, өөрийнхөө тойрон хүрээлэгчдэд л итгэдэг. Тэр тойрон хүрээлэгчдээрээ төрийн ажлыг өөрчилдөг. Ингэхээр бүх газар халаа сэлгээ болж байна аа. Тийм учраас тогтворгүй байна. Гэтэл Жинхэнэ төрд итгэж байгаа, төрийн төлөө зүтгэж байгаа масс чинь өөрөө савлаад зовоод байна. Ийм зүйл анзаарагдаж байгаа. Төрийн хүн болно гэдгийг эхлээд Их хурлын гишүүд ойлгох хэрэгтэй л дээ. Төрийн хүн болж чадаагүй хүмүүс сайд болохоороо төрөө очиж самраад байна.
- Та өмнөх засагт Эдийн засаг, хөгжлийн сайд бөгөөд Тэргүүн шадар сайдын албыг хашиж байсан. Тиймээс таны ажлыг үргэлжлүүлж байгаа Ж.Энхбаяр сайд хэр ажиллаж байгаа гэж бодож байна?
Ж.Энхбаяр ийм тийм гэхээс илүүтэйгээр Ж.Энхбаяраас дээгүүр эрх мэдэлтэй хүн Ерөнхий сайдын багт байна. Уг нь Тэргүүн шадар сайд нь Эдийн засаг, хөгжлийн яамны ажлаа хийх ёстой. Бид дэргэдээс харж байна. Гэтэл Ерөнхий сайдын зөвлөх гэдэг хүн өмнүүр нь ороод хамаг бодлогыг нь боловсруулаад, Сангийн сайдын өмнүүр орж тулгаад байгаа. Тэгээд сайд нар нь нөгөө хүмүүсийн гаргасан бодлогыг хамгаалахын төлөө хачин байдалтай юмнууд л явж байгаа биз дээ. Яаж ч сэтгэсэн Эдийн засгийн сайд 30 хэдэн их наяд байсныг 43 их наяд болгож төсвийн зардлыг нэмэх сэтгэл зүй байхгүй. Бүүр тийм итгэл үнэмшил байтугай болно доо гэж бодож ч чадахгүй. Гэтэл шал өөр хүмүүс баахан мөнгө үрье гэж 10 их наядаар нэмчихсэн. Ингэж мөнгөний нийлүүлэлт нэмэхээр эдийн засаг тэтгэгдэнэ. Энэ нь яг 10 их наядаар дахиад ханш л унана л гэсэн үг.
- Тиймээ. Яг одоо 2027 оны төсвийг тойрсон асуудлууд маш их хөндөгдөж байна.
Бас орлого нь үнэн худлаа нь мэдэгдэхгүй. Яаж бодохоороо ирэх жил төрийн өмчийн компаниуд ийм ашигтай байна гэж тооцож байгаа юм. Тооцож болохгүй шүү дээ. Бизнес ирэх жилийнхээ ашгийг төсөөлнө үү гэхээс тооцож болдоггүй. Хэн мэдлээ. Маргааш нүүрс авахгүй ч юм билүү. Маргааш зэс хэрэггүй болох ч юм билүү. Гэтэл хоёр компаниас заавал ийм мөнгө орж ирнэ гэж төсөв болгож баталж байгаа нь өөрөө утгагүй. Татварыг тооцож болно. Энэ нь өөрөө ерөөсөө л Эдийн засгийн төсөөлөл хийдэг мэргэжлийн яамны ажлыг хийлгээгүй л гэсэн үг шүү дээ.
Ж.Энхбаяр би хийсэн л гэж ярина. Ерөнхий сайдынхаа өөдөөс сөрж чаддаг ЗГ-ын гишүүн гэж байхгүй. Ж.Энхбаяр өөрөө боловсруулаад асуудал оруулж ирсэн бол Ж.Энхбаяртай ярьж болно. Би энэ талаар намрын чуулган дээр ярихгүй байгаа шалтгаан нь хаширын боловсруулалт буюу яамны боловсруулалт биш байна гэж харж байгаа юм. Тэр яаманд ажиллаж байсан хүмүүс хэвээрээ л байгаа байх. Тэр хүмүүс ийм юм хийчхээд Монгол Улсын төсөв гэж хэлэхгүй байх. Яагаад гэвэл 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг 2025 он 2026 оны хавар баталсан. Гэтэл өргөн барьсан төсөв, тэр хөгжлийн төлөвлөгөөнөөсөө тэс өөр юм байгаа юм.
Ярилцсанд баярлалаа.
Б.Амирдаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.