/2022.4.18/ Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA дөрөвдүгээр сарын 12-нд FIFA+ нэртэй видео стрийминг үйлчилгээ нээж байгаагаа мэдэгдлээ. Одоогоор тус платформ нь хэрэглэгчдэд үнэгүй хүрч байгаа бөгөөд, тодорхой хугацааны дараа хэрэглэгчийн суурь хураамжийн горимд шилжих байх гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
FIFA+ платформын хэрэглэгч болсноор дэлхийн улс орнуудын дотоодын лигийн тоглолтыг шууд үзэх, FIFA-ийн видео архивын бичлэгүүд, тоглоомууд, баримтат кинонуудыг үзэж болохоос гадна Match Center функц ашиглан, явагдаж буй тоглолтуудын оноо, статистикийг шалгах боломжтой юм.
Уг функц нь шинэ платформын хамгийн сонирхолтой, олны хандалтыг татсан хэсэг байх бөгөөд эрэгтэй хөлбөмбөгийн 400 баг, эмэгтэйчүүдийн 65 багийн талаарх шинэ мэдээ мэдээлэл, фантази тоглоомууд, тоглогчдод саналаа өгөх, асуулт хариултын тэмцээнд оролцох, тоглолтын үр дүнг таах гэх мэт олон боломжуудыг агуулжээ.
FIFA-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино тус платформын талаар
“Олон улсын хөлбөмбөгийн холбоо нь спортын холбоодоос анх удаа ийм өргөн цар хүрээтэй үйлчилгээ бүхий видео стрийминг үйлчилгээ нэвтрүүлж байгаадаа баяртай байна. Дэлхий даяарх олон сая хөлбөмбөг сонирхогчид энэ цагаас хойш хөлбөмбөгийн ертөнцтэй цоо шинэ аргаар холбогдох соёлын шилжилт явагдах нь дамжиггүй” гэж мэдэгдсэн байна.
Одоогоор FIFA+ үйлчилгээ нь англи, герман, франц, испани, португаль хэлний сонголттойгоор хүрч байгаа ба удахгүй хятад, малайз, солонгос, япон, итали, араб, хинди хэл дээр үзэгчдэд хүрэх ажээ.
Энэхүү видео стрийминг үйлчилгээнд нэгдсэн хэрэглэгч FIFA-ийн архиваас түүвэрлэн авсан 3000 гаруй видео, бүрэн хэмжээний болон богино хэмжээний баримтат кинонуудыг үзэж болохоос гадна Бразиль болон Барселона багийн супер од Рональдино, Дани Алвес, Дэлхийн аваргын тэмцээний “Алтан шаахай” шагналтнууд, Дэлхийн аварга багуудын ахлагч нарын тухай, Ах дүү Стюартууд, тэр ч бүү хэл хөлбөмбөгчдийн үсчин Шелдон Эдвардсын талаарх цуврал кинонуудыг ч үзэх боломжтой юм.
Мэдээж хэрэг тус платформын онцлох нэг хэсэг нь шууд тоглолтын горим бөгөөд FIFA-ийн гишүүн 100 гаруй орны хөлбөмбөгийн лигийн 40 мянган тоглолтыг шууд дамжуулж, сар бүр эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 1000 гаруй тоглолтыг үзүүлэх юм.
Эхний ээлжинд сардаа 1400 орчим тоглолтыг шууд дамжуулах бөгөөд томоохон лигүүдийн телевизийн шууд дамжуулалтын гэрээний боломжуудаас хамаараад, одоогийн байдлаар зөвхөн Дани улсын Superliga, Польшийн Ekstraklasa, Словакийн Fortuna Liga зэрэг лигүүдийн тоглолтыг л дамжуулах юм.
Тус платформыг үнэгүй хэрэглэхийн тулд хэрэглэгч Андройд болон iOS төхөөрөмж дээрээ татаж авах буюу вэб сайтад нь зочилоход л хангалттай.
Эх сурвалж: https://techcrunch.com/