/2022.01.22/
ЭМЯ болон МХЕГ-ын хамтарсан баг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Ковид19-н тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдэд ажиллалаа. Коронавируст халдвар (COVID-19)-ын амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж буй өрхийн эмнэлгүүд, хэвтүүлэн эмчилж буй Ахмадын эмнэлэг болон хүүхдийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцав.
Мөн энэ үеэр Баянгол дүүргийн КОВИД-19-ын шуурхай штабд ажиллан өвчтнүүдийг эрэмблэн хэвтүүлж буй үйл ажиллагаа, рентген, Ковидын амбулаторийн үйл ажиллагаатай танилцсан юм. Ахмадын эмнэлэгт ковидоор халдварласан өвчтөнүүдэд зориулсан 150 орыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар дэлгэн ажиллуулж байна.
Тус эмнэлгийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дийлэнх нь 65 наснаас дээш настай, хавсарсан суурь өвчтэй иргэд байв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх нь вакцинд огт хамрагдаагүй, зарим нь вакцины 2 тунд хамрагдсан болон нэмэлт тун буюу 3 тунг огт хийлгээгүй байгаа нь хүндрэх шалтгаан болж буйг сэхээний тасгийн эмч онцолж иргэдийг вакциндаа хамрагдахыг хүслээ.