“Тавантолгой түлш“ компани ойр орчмоо бохирдуулж, иргэдийн эрүүл мэндийг хохироож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тавантолгой түлш“ компани ойр орчмоо бохирдуулж, иргэдийн эрүүл мэндийг хохироож байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороонд байрлах "Тавантолгой түлш" ХХК-ийн шахмал түлшний баруун бүсийн үйлдвэрийн ойролцоох айл өрхийн өнөөгийн нөхцөл байдлыг сурвалжиллаа. Mpress.mn сайт 2021 оны наймдугаар сард тус үйлдвэрийг нүүлгэх эсэх асуудлыг сурвалжилж байсан юм.

СХД-ийн 22 дугаар хороонд нийт 3,656 өрхийн 13,708 хүн оршин суудаг. Засмал замаар тусгаарлагдах үйлдвэр болон айл өрхүүдийн хоорондын зай ойролцоогоор 2 км аж.

Бид тус хорооны иргэдтэй уулзахад дараах зүйлсийг ярьсан юм.

СХД-ийн 22 дугаар хорооны иргэн

СХД-ийн 22 дугаар хорооны иргэн, "Энэ жил утаа тортог өмнөхөөсөө их байна. Өдөрт 2-3 удаа гэр дээрээ гарч шүүрддэг ч дээрдэж байгаа зүйл алга. Манайх энд ирээд 6 жил болж байна. Уг нь шахмал түлш түлэх нь түүхий нүүрс түлдэг байснаас дээр. Гэхдээ энэ том үйлдвэрээс гарч байгаа тоос, тортог ойр орчны айлуудын амьдралыг улам дордуулж байна. Манайхаас үйлдвэр барагцаагаар 2 км зайд байрладаг. Хувцас угаагаад гадаа хатаахад хүртэл маш хэцүү. Нэл тортог болчихдог. Зун үйлдвэр ажилладаггүй, мөн бороо ордог учраас тоосжилт бага байдаг юм шиг санагддаг.

Цаашид шахмал түлшний үйлдвэрээ нүүлгэхгүй л бол энэ хавийн айлууд хохирч байна" хэмээн хэлж байлаа.

Өвлийн цагт нийслэлд амьдардаг бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн сэтгэлийг зовоодог хамгийн гол зүйл бол утаа. Харин энэ хавийн оршин суугчдын сэтгэлийг чилээдэг зүйл нь утаанаас гадна үйлдвэрээс ялгарах тортог юм.

СХД-ийн 22 дугаар хорооны оршин суугч А.Охиноо

Энэ талаар Тус хорооны оршин суугч А.Охиноо, "Ер нь гадуур хувцас байнга тортогтой байдаг. Угаагаад тавьсан машин 2 хоноод л хав хар болчихдог. Энэ жил шахмал түлшний үйлдвэрийг тойруулж том хашаа барьж, нүүлгэх шаардлагагүй боллоо гэж ярьж байсан ч яг л өмнөх жилтэйгээ ижил хэмжээний тортогтой байна. Салхигүй намуухан үед илүү их тортогтой байдаг.

Шахмал түлшний үйлдвэрийг барьснаас хойш хүүхдүүд ханиад хүрэх нь элбэг болсон. Гадаа маш их утаа, тортогтой учир бараг гэрээс гардаггүй ч ойр ойрхон ханиад хүрчхээд байдаг. Хүүхдүүдээ гадаа гаргаж тоглуулах гэхээр хувцас нь тас хар болохоос гадна амьсгалж байгаа агаараас эхлээд маш хэцүү. "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэр маш их тортог ялгаруулдаг ч энэ хавийн айл өрхүүдтэй ирж уулздаггүй. Анх угаар мэдрэгч тарааж л ирж байсан. Баянхошуу, Нарангийн голын айлууд руу тортог очих нь гайгүй байдаг. Энэ хавийн хэсэг айлууд л эрүүл мэндээрээ хохирч байх шиг байна. Үйлдвэрээ нүүлгэдэггүй юмаа гэхэд ядаж барьсан хашаагаа үр дүнд хүрэхээр хийгээсэй" гэсэн юм.

Тус хорооны оршин суугчидтай ярилцаж байхад бүгд л энэ жил шахмал түлшний чанар муудсан талаар гомдоллож байсан юм. Тэд "өмнөх жилүүдээ бодвол илүү их хогтой, илч багатай болчихсон байна лээ. Үүнээс гадна байх ёстой хэмжээндээ хүртэл савлагдаж байгаа эсэх нь эргэлзээтэйгээс гадна чийгтэй байна. Ноднин бага зэрэг хогтой байсан ч чанарын хувьд хавь илүү байсан" гэсэн юм.

Цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол 10 гаруй хувийг эзэлж байна
Цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол 10 гаруй хувийг эзэлж байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.