/2022.01.14/: Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн тохиож буй энэ өдөр Цагдаагийн ерөнхий газраас Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж, 2022 оны зорилт, цаашид анхаарах асуудлаа хэлэлцэж байна.
Энэхүү удирдах ажилтны зөвлөгөөнд Комиссын гишүүн Г.Нарантуяа, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир нар оролцож мэдээлэл хийлээ.
Комисст өнгөрсөн онд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 1188 гомдол, мэдээлэл ирүүлсний 123 буюу 10,3 хувь нь цагдаагийн байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн байна. Мөн эрүүлжүүлэх, саатуулах байранд 24, гомдлын мөрөөр 2, нийт 26 хяналт шалгалт хийгдсэн бөгөөд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Комиссын гишүүний 8 Зөвлөмж, 4 Шаардлагыг хүргүүлсэн гэдгийг Комиссын гишүүн мэдээллийн эхэнд онцоллоо.
Комиссын 2022-2025 оны стратеги төлөвлөгөөнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгасны дотор гэмт хэргийн улмаас иргэдэд учирсан сэтгэл санааны болон гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх тогтолцоог сайжруулах, хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь бүрэн сэргээх эрх зүйн механизмыг бий болгох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийг хангахад чиглэсэн бодлогын нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд хохирсон гэмт хэргийг мөрдөх аргачлал боловсруулах, сургалтын модуль боловсруулах, сургалт зохион байгуулах гэх мэт олон ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Зөвлөгөөнд оролцогчдоос тусгай чиг үүргийн салбарын үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зөрчлийн асуудалд анхаарал хандуулах, цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг шийдвэр гаргагчдад хүргэх талаарх санал, хүсэлтээ уламжлав.
Эх сурвалж: ХЭҮК