/2022.01.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна.
Үүнтэй холбогдлуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн П.Анужин:
-Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх нь төрийн хүлээсэн үүрэг.
Дээрх хуулийн төслийн шинэчилсэн найруулгын гол зүйл нь улсын өмгөөлөгчдийн ажиллах нөхцөл бололцоог хангах явдал. Өмгөөлөгчдийн цалинг шүүгч, прокурорын цалинтай дүйцүүлэх гэсэн маш тодорхой заалт орж ирсэн байхад байнгын хороон дээр унасан байна. Тэдний ажиллах нөхцөл бололцоог хангах асуудал бүр дордож орж ирсэн байна. Үүнд тайлбар өгөөч.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Төсөв дээр цалин мөнгөний асуудал тусгагдсан эсэхэд зарим гишүүд эргэлзсэн. Өмнө нь хууль зүйн хүрээлэн гээд улсын өмгөөлөгчдийн хууль зүйн туслалцааны байгууллага байсан. Гэтэл огтоос ийм байгууллага байгаагүй, шинээр төсөв гаргаж ирэх гэж байгаа юм шиг ойлгогдоод байнгын хороон дээр уначихсан. Тиймээс чуулганы хуралдаанаар энэ асуудлыг дэмжиж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүсэж байна.
УИХ-ын гишүүн П.Анужин:
-Төсвийн асуудлаас болж унасан гэж байна. Гэхдээ хүний эрх, бидний арчаагүйгээс эрх нь зөрчигдөж буй хүмүүст туслалцаа үзүүлэх асуудалд төсөвгүй гээд байдаг. Гэтэл хөшөө барихад төсөв нь хэдэн тэрбумаараа илүүддэг байж болохгүй.