/2021.12.13/ Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ажлын хэсгийнхэн хэвлэлийн хурал зарлалаа.
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд Рио Тинто Монгол компаниас албан бичиг очжээ. Захидалд монголын талын хүсэж байсан таван асуудлыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна. Энэ талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авах боломжтой.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Оюутолгойн дэлхийд эхний гуравт орох ийм том баялгаа гадаадынханд алдчихаад, зүгээр алдаад зогсохгүй өөрснөө дороос нь өндийхгүй 22 тэрбум долларын өрөнд ороод дуусахаар ийм хүнд нөхцөлтэй тулгарсан. Үүний эх суурийг 2008 оноос эхэлсэн. Тухайн үед бид хүч цөөн байлаа. УИХ-ын хэдхэн гишүүн орилж хашгирч байж, 57-р тогтоолыг баталж гаргасан юм. Иргэний хөдөлгөөнүүд төв талбайд энэ асуудлыг тавьж байж энэ тогтоолыг баталсан. Агуулга нь 34 хувь, монголын талын хувь хэмжээг 50-иас доошгүйд хүргэх байсан. Харамсалтай нь С.Баярын Засгийн газар хүнд байдалд оруулах эхлэлийг тавьсан.
Саяхан Рио Тинтогийн бүх захирлууд ирж уулзсан. Бидэнтэй ирж уулзахдаа энэ бүхэн эхнээсээ буруу замаар эхэлсэн учир ийм байдалд хүрснийг ойлгож байна гэж байсан. Та бүхэн ямар ч хатуу ширүүн үг хэлсэн бид хүлээж авна гэж Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Якуб Стаусхолм хэлсэн. Ингээд энэ ажил урагштай боллоо.
Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нь нэг ойлголттой байж гэмээ нь ийм үр дүн гарлаа гэж баярлаж байна. Энэ бол үнэхээр сайхан үр дүн. Биднийг 22 тэрбум долларын өрөнд оруулах байсныг тэглэх гэж байна. Бидний олон жил тэмцсэн Дубайн гэрээг хүчингүй болгох гэж байна.
Үүний төлөө бид тууштай тэмцэж байсан. 2018 оны гуравдугаар сарын 24-нд ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг жил гаруй ажилласан. Бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, холбогдох бүх ажлынхан орсон. Энэ ажлын хэсэг маш нягт ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хороо, УИХ-аар хэлэлцүүлсэн. Ийнхүү УИХ-ын тогтоол гаргах ажлын хэсэг мөн гарсан. Ингэж 92-р тогтоол гарсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллалаа.
Өмнө нь ийм Засгийн газар байгаагүй шүү. Зарим нь гадаадын улс орнуудын шүүхээр шийдэгдэх гээд байгаа олон шившгээ дэлгэсэн хүмүүс байгаа шүү. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн нь юмаа мэднэ шүү гэдэг санааг илэрхийлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийг гаргаж, Х.Нямбаатар сайд ажлын хэсгийг ахалж ингэж ажиллаж чадлаа. Их хурал дээр баруун, зүүн дээрээ гаргаж байж түр хороог байгуулсан. 2016 онд түр хороог гаргах гэтэл тухайн үеийн эрх баригчид элдэв хоёроор үзсээр түр хороог байгуулаагүй юм.
Энэ засаг харин ингэж ажиллаж чадлаа. Уул уурхайн салбарын олон мэргэжилтэн, эрдэмтэн судлаачидтай хамтран ажилласан. Сайхан байна. Баярлалаа, Ерөнхий сайд аа гэлээ.