/2021.12.13/
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Рио Тинто группийн Ерөнхий захирал Якоб Стаусхолмоос Оюутолгойн хэлэлцээрийг шийдэх 5 санал тавьж захидал илгээжээ. Үүнд:
Нэгдүгээрт, Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34%-д ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн 34% эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах;
Хоёрдугаарт, ДУББСТ болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцлаж дуусгавар болгох;
Гуравдугаарт, Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх;
Дөрөвдүгээрт, Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100% хариуцаж Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
Тавдугаарт, Оюу Толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцлийн дагуу Оюу Толгой ХХК төлөх; Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах; төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Манай улс зөвшилцөж чаддагаа дэлхий дахинд харууллаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэ хугацаанд бидэнтэй хамтран ажилласан бүх талуудад талархал илэрхийлье. Бүх зүйл өргөс авсан мэт нэг өдөр шийдэгдсэн гэсэн үг биш. Гэхдээ энэ бол сүүлийн 12 жил гаруйн хугацаанд яригдсан асуудлуудад хөрөнгө оруулагч тал буулт хийж, үр дүнд хүрсэн гэсэн үг. Дотооддоо итгэлцэл, эв нэгдлийг илэрхийлэхэд чухал, гадаад ертөнцөд хөрөнгө оруулагч талд бид зөвшилцөж чадаж байна, дараа дараагийн хөрөнгө оруулалтад манай улс нээлттэй байна гэдгийн том илэрхийлэл боллоо гэж Засгийн газрын тэргүүний хувьд үзэж байна" гэв.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ "Дубайн гэрээг хүчингүй болгох гэж байна. Монголын талын 34 хувийг үнэ төлбөргүй эзэмшихээр боллоо. Энэ бол маш сайхан хэрэг. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой бид маш их ажилласан. Энэ бол сайн үр дүн. Өмнө нь ийм Засгийн газар байгаагүй шүү. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн нь юмаа мэднэ шүү гэдэг санааг илэрхийлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийг гаргаж, Х.Нямбаатар сайд ажлын хэсгийг ахалж ингэж ажиллаж чадлаа. Өмнөх эрх баригчид ийм түр хороо нэг ч удаа байгуулаагүй" гэлээ.