/2021.12.10/ Олон улсын хүний эрхийн өдөр болж байгаатай холбоотойгоор "Хүний эрхийн Үндэсний форум-2021" өнөөдөр Засгийн газрын ордонд болж байна. Тус форумын "Хүний эрхийн төлөв байдал: Өнгөрсөн, одоо, ирээдүй" сэдэвт үндсэн илтгэлийг Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг гүйцэтгэгч Ж.Хунан эхлүүллээ. Тэрээр:
ХҮҮХДИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ОНЦГОЙ АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЦАГ БОЛСОН
- Цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал тулгамдсан асуудал болж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 онд хийсэн судалгаагаар, тус судалгаанд хамрагдсан хүүхдийн нэг өдөрт цахим орчинд зарцуулах хугацаа нь дунджаар 4 цаг байгаа нь олон улсын зохимжтой гэж үзэх хугацаанаас хоёр цаг илүү байна.
Цахим орчинд хүүхдийн эрхэд халдсан гэмт хэрэг
- 2012 онд 17 бүртгэгдэж байсан бол энэ тоо
- 2018 оны байдлаар 279 болж өссөн.
Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төвд хүүхдийн цахим дарамттай холбоотой дуудлага 2016 онд 85 байсан бол 2018 онд 229 бүртгэгдэж өссөн. Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах цаг болсон. СЭМҮТ-өөр үйлчлүүлэгчдийн дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байна.
Хөдөлмөр эрхлэлт, боловсролын салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхах, сурах бичгийн хүрэлцээ бага, сургуульд орох боломж хязгаарлагдмал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заах багш дутагдалтай, нийтийн тээвэр, олон нийтийн газарт нэвтрэх орох боломж муу хангагдсан байгаа нь хөгжлийн үр шимийг хүртэж чадахгүй байгаа талаар олон төрлийн илтгэлд дурдсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг аливаа ялгаварлан гадуурхалтаас хамгаалах, нийтийн тээвэр олон нийтийн газраар үйлчлүүлэх нөхцлийг хангаж өгөх нь тэдэнд болон бага насны хүүхэд, эмнэлгийн үйлчилгээ авч байгаа хүн бүрд тустай билээ.
ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛУУЛАХ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА
Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ хүртээмжгүй, боловсон хүчний мэргэшсэн байдал, төсөв хөрөнгө хязгаарлагдмал, өвчнийг оношлох, сэргээн засах, урьдчилсан сэргийлэхэд чиглэсэн ажил хангалтгүй байгаагаас иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх зөрчигдөж байна.
Нэг жишээг онцлойлон дурдмаар байна: Монгол Улсдаа ганц гэгдэх "Түлэнхийн төв"-ийн барилга 2011 онд төрийн өмчийн хорооны тогтоолоор актлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл өөрийн байргүй 9 жил долоон сар болж байна. 1991 онд 140 ортой ажиллаж байсан тасаг өнөөдөр 35 ортойгоор ГССҮТ-ийн хүүхдийн гэмтэл согог судлалын нэгдүгээр байранд үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл өөр тасгийн үйл ажиллагаа доголдож, тухайн тасагт хэвтэн эмчлүүлэх иргэдийн эрх зөрчигдөж байна. Энэ тохиолдлын хохирогч нь хүүхэд байгаа нь харамсалтай. Ямар ч үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ доголдох ёсгүй. 2020 оны байдлаар манай улсад 15922 хүн өвчний улмаас нас барснаас:
- 5221 зүрх судасны тогтолцооны,
- 2136 нь хоол боловсруулах тогтолцооны,
- 1076 нь амьсгалын тогтолцооны улмаас,
- 4159 хүн хавдрын улмаас,
- 2736 хүн гэмтэл хордлого, гадны шалтгаант бусад эмгэг,
- 594 хүн бусад шалтгаанаар нас барсан байна.
Дэлхийн түүхэнд дахин нэг хар толбо үлдээж буй Ковид-19 цар тахал, асар хурдтай хийгдэж буй цахим шилжилт, өдөр ирэх тусам өөрчлөгдөж буй уур амьсгал хүн төрлөхтөнд шинэ сорилт, давааг бий болгож байна. Үүний зэрэгцээ цаг үеийн шаардлага, өнгөрсөн үеийн сургамж, өнөөдрийн үнэлгээ, дүгнэлтэд тулгуурлан, цаашид хүний эрхэд суурилсан бодлого боловсруулах, хувьсан өөрчлөгдөж буй цар тахлын дараах дэглэмд нийцсэн нийгэм, эдийн засгийн оновчтой арга хэмжээ авах, баялгын хуваарилалтыг шударгаар хийх шаардлагатай байна" гэв.