/2021.12.10/: Худалдаа, хоршоо, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын Мастер тогоочдын холбоо, Монголын ахлах тогоочийн академи хамтран зохион байгуулсан “Хотын аварга тогооч” шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан өнөөдөр Хангарди ордонд болж байна.
Уралдааны зорилго нь монгол хоол, хэрэглээний уламжлал, орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг олон нийтэд сурталчлах, сэргээн хөгжүүлэх, шинэ арга хэлбэрээр баяжуулахад оршиж буй юм. Түүнчлэн тогооч нарын мэргэжил, мэргэшлийн ур чадвар, бүтээлч хандлагыг дээшлүүлэх, хоол үйлдвэрлэлийн уламжлалт болон орчин үеийн технологийг оновчтой болгож хоол хүнсний шинэ хэрэглээг бий болгох, хоол хийх урлагийг хөгжүүлэх, тогооч нар харилцан туршлага солилцох давуу талтай.
“Хотын аварга тогооч” шалгаруулах ажил мэргэжлийн уралдааныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлсийн дарга Т.Золжаргал нээж “Монгол улсад хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хоршооны салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд угтаж “Хотын аварга тогооч” уралдааныг зохион байгуулж байна. Хоол бол тухайн үндэстний өв соёлын хадгалж ирсэн том уламжлал. Энэ цаг үед өөрсдийн уламжлал болсон хоолны мөн чанар, үндсэн соёлыг авч үлдэнэ гэдэг том ач холбогдолтой үйл явдал юм” хэмээв.
Уралдааны үеэр Монголын Мастер тогоочдын холбооны ерөнхийлөгч Д.Буяндэлгэр “Энэхүү арга хэмжээнд 50 гаруй тогооч оролцож байна. Ингэхдээ уралдаан, тэмцээнд орж байгаагүй, голдуу төрийн үйлчилгээнд ажилладаг тогооч нар оролцлоо. Ажил, мэргэжлийн уралдаан хүнд тухайн мэргэжлээрээ бахархах, харилцан суралцах боломж бүрдүүлж, урам зориг өгдөг. Хоол үйлдвэрлэлээр ажиллаж буй алдартай рестораны тогооч нар шүүгчээр ажиллаж байна. Энэ жилийн уралдаан монгол үндэстний идээ, ундаа, хоолыг хөгжүүлэхэд чиглэсэн гэдгээрээ онцлог боллоо” гэлээ.
Тус уралдаанд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж буй олон улс, улсын аварга тогооч шалгаруулах уралдаанд оролцож байгаагүй тогооч нар оролцож байгаа юм.