/2023.03.13/: Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Оюутолгой” төслийн гүний уурхайн тасралтгүй олборлолтыг эхлүүлэх түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Ингэснээр Оюу толгой дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх томоохон зэсийн уурхай болох юм.
Гүний уурхайн олборлолтыг аюулгүй, дэвшилтэт болокчлон олборлох аргачлалаар эхлүүлэх гэж байна. Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн дийлэнх хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь Хюго Даммет ордын гүнд оршдог.
Оюу толгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэх юм.
Гүний уурхайг олборлох маш олон арга байдгийн нэг нь блоклон олборлох арга юм. Харин Хюга Даммет ордын хувьд чулуулгийн нөхцөл, геотехник, эдийн засгийн үр ашиг талаасаа “блоклон олборлох арга” нь гүнийн олборлолт хийхэд хамгийн тохиромжтой арга юм. Хэдийгээр бүтээн байгуулалт эхлэхээс өмөх шат буюу дэд бүтэц, хөрөнгө оруулалтад маш өндөр зардал шаардах боловч уурхайн үйл ажиллагаа жигдэрсний дараагаар гаргах зардлууд нь бусад олборлох аргуудтай харьцуулбал бага байдаг байна. Түүнчлэн аюулгүй байдал талаасаа хамгийн найдвартай аргачлал юм.
Гүний уурхайгаас нэг өдөрт олборлох хүдрийн хэмжээг ирэх жилүүдэд аажмаар нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн оргил үед хүргэхээр зорьж буй. Оюу толгой нь хэрэгжих хугацаандаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой төсөл юм.
Оюу толгой нь компани нь Монголын хамгийн том зэс, алт олборлодог уул уурхайн компани юм. Компанийн 34 хувийг Монголын Засгийн газрыг төлөөлөн Эрдэнэс Оюу Толгой компани, 66 хувийг Рио Тинто групп эзэмшдэг.
Монголд орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь Оюу толгой төсөлд хөрөнгө оруулагддаг байна.
Оюу толгой төсөлд 20 мянга гаруй хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь Монголчууд байна. Харин нийт ажилчдын 31.6 хувь нь гүний уурхайн төслийн ажилтнууд юм.