/2023.03.13/: "АНУ-ын дампуурсан банк болох Sillicon Valley Bank (SVB)-д мөнгө байршуулсан хүмүүс болон компаниуд даваа гарагаас эхлэн бүхмөнгөө авах боломжтой болно" гэж АНУ-ын засгийн газар мэдэгдлээ.
АНУ-ын Сангийн яам, Холбооны нөөцийн сан, Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпораци (FDIC)-ийн мэдэгдэлд хадгаламж эзэмшигчдийг бүрэн хамгаална гэж мэдэгдсэн байна.
Цахиурын хөндийн банк хэмээгддэг уг банкны дампуурал нь 2008 оны санхүүгийн хямралаас хойшхи АНУ-ын банкны хамгийн том дампуурал байв.
Эрх баригчдын хамтарсан мэдэгдэлд "АНУ-ын банкны систем тогтвортой, бат бөх суурьтай хэвээр байгаа бөгөөд санхүүгийн хямралын дараа хийгдсэн шинэчлэлийн ачаар банкны салбарт илүү сайн хамгаалалт хийсэн" гэж мэдэгджээ.
Эдгээр арга хэмжээ нь SVB-ийн дараа хамгийн эмзэг байгууллага болж байгаа Нью-Йорк хотын Signature Bank-д мөн хамаарах аж.
Иргэдийн банкинд итгэх итгэлийг сэргээх алхмын хүрээнд зохицуулагчид банкуудад яаралтай тусламжийн санд хандах боломжийг олгох шинэ аргыг мөн танилцуулав.
Холбооны нөөцийн сан банк санхүүгийн шинэ хөтөлбөрөөр дамжуулан банкуудад тусламж санал болгож, хямралын үед банкууд зээл авахад хялбар болгоно гэж мэдэгдэв.
Ерөнхийлөгч Жо Байден “Америкийн ард түмэн банкин дахь хадгаламж нь хэрэгтэй үед нь тэнд байх болно гэдэгт итгэлтэй байж болно” гэж мэдэгдэв.
SVB нь технологийн салбарын гарааны бизнесүүдэд чухал зээлдүүлэгч гэж үздэг. Өнгөрсөн жил хөрөнгийн зах зээл дээр гарсан АНУ-ын венчурын дэмжлэгтэй технологи, эрүүл мэндийн компаниудын бараг тал хувь нь SVB банкны түнш байсан юм.
Эх сурвалж: ВВС