/2022.10.07/ УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаарх БШУ-ны сайдын мэлээлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Боловсролын салбарын ажилтнуудын цалин нэмэгдэх үү. Ажиллах хүнгүй боллоо. Намайг Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч байхад багш, эмчийн цалинг нэмснээс болж юмны үнэ өслөө гэж зовоодог байсан. Одоо юмны үнэ талийчихлаа. ЕБС-ын тогоочийн цалин 528 мянган төгрөг байна. Үүнээс 400 мянган төгрөгийг л гар дээрээ авч байгаа. Энэ хүнийг яаж нэг сар ажиллуулах вэ.
Багшийн гүйцэтгэлийн үр дүнг ямар үзүүлэлтээр, яаж тооцоолох вэ. Багш нар дээр маш их дарамт ирж байна. Тэгэхээр боловсролын салбарын ажилтнуудын цалин яг хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ гэдгийг асууя.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Цалин гэж хашхирдагаа боль. Бид үр дүнд суурилсан санхүүжилтын тогтолцоонд шилжиж байгаа. Чадварлаг багш нар өндөр цалин авна. Одоо бүтээмж ярьдаг больё л доо. Яагаад монголчууд цагт 1 долларын цалинтай ажил байна вэ. Яагаад бид үүнийг нэмэгдүүлж цагт 15 долларын ажил хийж болохгүй гэж. Энэ хэмжээний цалин авах чадвартай боловсон хүчин, ард түмэн, хүүхдүүдийг яагаад сургаж чадахгүй байна вэ гэдгээ ярих хэрэгтэй. Төсөв хэлэлцэх гэхээр л цалин нэмэх талаар ам уралдаж ярьдгаа больё.