/2022.10.07/ Улсын Их Хурлын Тамгын газрын номын санд "Ниппон" сангийн дэмжлэгтэйгээр Япон Улсын Шинжлэх ухааны нийгэмлэгээс хэрэгжүүлдэг "Read Japan" төслийн хүрээнд ном хандивлах арга хэмжээ энэ сарын 5-ны өдөр боллоо.
Энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа Япон Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, соёл, зан заншил, өндөр хөгжилд хүрсэн туршлагуудын талаар өгүүлэх, англи хэл дээр хэвлэгдсэн 70 гаруй номоор Улсын Их Хурлын Тамгын газар номын сангийн сан хөмрөгөө баяжуулж буйг тэмдэглээд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлэв.
Япон Улсаас дэлхийн улс орнуудад ном хандивлах энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгууллаа.
Тус номын сан нь 1957 онд Намын төв хорооны номын сан нэртэйгээр байгуулагдаж, 1992 оноос Парламентын номын сан болон өргөжсөн. 1930 оноос хойшхи сонин, 1940-1990 оны сэтгүүл, гадаад хэл дээрх 20 мянга гаруй ном, нийт 46 мянга гаруй нэгж ном, товхимол бүхий баялаг сантай. Уншлагын танхимаар болон гэрээр номын сангийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд цаашид илүү нээлттэй, цахим номын сан болон хөгжих зорилт дэвшүүлэн ажиллаж буй талаараа Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын сургалт, судалгааны хүрээлэнгээс энэ үеэр зочдод танилцуулав.
Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар, Тамгын газрын судлаач ажилтнууд, Япон Улсын Элчин сайдын яам, “Жайка” олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов