/2022.10.07/: Хэрэглэгч чанартай, аюулгүй бараа бүтээгдэхүүн хэрэглэх, мэдээлэл авах эрхийг хангахад тулгамдаж буй асуудлуудын талаар худалдаа аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй ярилцлаа.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх-хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн болон үйлдвэрлэгчид, импортлогчид, худалдааны байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Бараа бүтээгдэхүүний гарал ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх" аяныг 2022 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлсэн бөгөөд аяны хүрээнд хийгдсэн үйл ажиллагааг дүгнэж, улмаар цаашид анхааран хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох зорилгоор уг хэлэлцүүлгийг МҮХАҮТ, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран худалдаа, үйлчилгээний байгууллагууд, бизнес эрхлэгчдийн төлөөллийг хамруулан зохион байгуулж байна.
ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун хэлэлцүүлгийн үеэр хийсэн илтгэлдээ “Хэлэлцүүлгийн үр дүнгээр хэрэглэгч чанар, аюулгүй байдлыг хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэх, мэдээлэл авах эрхийг хангах, сонголт хийх нөхцөлийг бүрдүүлэх, үүнтэй холбоотой хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэх, үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулахад тулгамдаж буй асуудлуудын талаарх саналаа хэлэлцүүлэх, улмаар төрийн байгууллага, үйлдвэрлэгчид, импортлогчид, худалдааны байгууллагууд, хэрэглэгчдийн тал талын хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна” хэмээлээ.
Мөн тэрбээр “Энэхүү аяны хүрээнд зах худалдааны төв, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд цуврал байдлаар хяналт шалгалт, зөвлөн туслах ажил хийж, шалгалтаар хууль тогтоомж зөрчсөн сав боодол, шошгололт бүхий бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж буй аж ахуй эрхлэгчдэд шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажилласан” гээд “Хэрэглэгчид ч худалдан авч буй бараа бүтээгдэхүүнийхээ хаяг шошгыг шалгаж шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн худалдан авч хэвших шаардлагатай байна" гэдгийг онцолж байлаа. Хэлэлцүүлэгт оролцогчид цаашид бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрхийг хангах чиглэлд анхаарч ажиллахаар болсон бөгөөд ингэснээр хэрэглэгчдийн эрүүл аюулгүй хүнсээр хангагдах нөхцөл бүрдэж, бараа бүтээгдэхүүний хаяг, шошго, орц, найрлагатай холбоотой эргэлзээ, гомдол багасаж, тэр хэмжээгээр бид бизнес эрхлэгчдийгээ шалгах, торгох арга хэмжээ авах шаардлагагүй болох юм.