/2022.10.06/ 2022 онд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд чиглэн хийж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.
Энэ жил Улаанбаатар хотын 13 байршил дахь нийт 16.6 км гудамжинд 80,000 метр квадрат явган хүний болон дугуйн замын ажил хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс найман байршилд 41000 метр квадрат явган хүний замыг засаж, шинэчлээд байгаа ажээ. Ингэхдээ хүн амын нягтаршил өндөртэй, түгжрэл, зорчилт ихтэй замуудыг сонгон засаж байгаа юм байна. Түүнчлэн эдгээр байршилд явган хүн зорчих боломж хомс, явган хүний зам нь эвдэрч гэмтсэн, хэт нарийн байгаагаас авто замд улам ачаалал үүсгэж байна гэж үзсэн учир дээрх байршлуудад явган болон дугуйн замыг тохижуулан, шинэчилж байна гэв.
Явган хүний замыг хамгийн багадаа 2.5-3 метр, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулж буй. Явган болон дугуйн замыг ашиглалтын шаардлага хангахуйц болгон өргөтгөхөөс гадна гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэн шинэчилж байна гэлээ.