/2022.10.5/ Монгол Улсын хэмжээнд 2021 оны байдлаар 31 төрлийн 576 мянган халдварт өвчний тохиолдол бүртгэгджээ. Бүртгэгдсэн халдварт өвчний бүтцийг харахад (Ковид-19-өөс бусад) нийт халдварт өвчний 63.1%-ийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна. Энэ нь 2020 онтой харьцуулахад 14.7%-иар өссөн үзүүлэлт байгаа юм.
Бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд мэдээж хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол хамгаалалт хэрэглэх явдал. Дараагаар нь бэлгийн нэг, тогтмол хамтрагчтай байх, хоёр талаасаа эрүүл байх шаардлагатай. 3 сая хүн амтай манай улсын хувьд бэлгийн замаар дамжих халдвар халдварт өвчний дунд ийнхүү өндөр хувь эзэлж байгаа нь иргэдийн эрүүл мэндийн суурь мэдлэг, бэлгийн боловсрол төдийлөн хангалттай хэмжээнд байхгүй байгааг харуулж байна гэж “Адам” эмнэлгийн урологийн эмч Б.Цолмон анхаарууллаа.
Мөн урьдчилан сэргийлэх байдлаар тогтмол үзлэг оношилгоонд хамрагдаж хэвших хэрэгтэй. Энэ нь өөрийнхөө эрүүл мэндэд оруулж буй хөрөнгө оруулалтын нэг хэлбэр гэдгийг мэргэжлийн эмчийн зүгээс санууллаа.
Б.Баянзаяа