Улаанбаатар хот /2021.06.29/: Гачуурт тосгоны Сангийн аж ахуйн малчдын хүүхдүүдэд зориулж 1987 онд барьсан 63 дугаар цэцэрлэгт шинээр 100 хүүхдийн ор бүхий олон улсын чанарын шаардлагыг хангасан өргөтгөлийн барилгыг барьж хүлээлгэн өгчээ.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхдэд ээлтэй боловсролын үйлчилгээний орчныг бүрдүүлэхийн тул барилгын загвар хийцэд хоол зөөвөрлөх лифт, дотоод агаарын чанарыг сайжруулах автомат шүүлтүүр, цахилгаан болон усны нөөцийн хураагуур сав, эмчийн өрөөнөөс гадна тусгаарлах өрөө, эцэг эхийн өрөө, анги бүр эрэгтэй, эмэгтэй усанд орох шүршүүр зэрэг хүүхдийн амьдрах, тав тухыг хангах орчныг бүрдүүлэхэд анхаарсан.
Цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор шинээр 27 ажлын нэмэгдэнэ. Барилгын ажлыг “Шил дээд” компани 2.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр гүйцэтгэлээ. Барилгын өргөтгөлийн ажилд техникийн талаасаа БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэргэжлийн багтай хамтран ажилласан. Мөн барилгыг Солонгосын Хүүхдийн Сан, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр барьсан юм.
Эх сурвалж: https://www.facebook.com/MinistryofEdu